БНАСАУ энхийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг АНУ-аас хүсч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-18 14:21:19

СӨҮЛ. /ТАСС/. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чоль Вашингтон хотод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хийж буй яриа хэлэлцээнийхээ үеэр энхийн гэрээнд гарын үсэг зурах, Йонбен дахь цөмийн объектуудыг татан буулгасны хариуд эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахыг хүсчээ.  Энэ тухай “Munhwa Ilbo” сонин мэдээлсэн.


"Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад бэлэн байгаагаа нотолгоо болгож Йобен дахь цөмийн төвийг татан буулгахаа санал болгож байгаа хэдий ч хориг арга хэмжээг сулруулж, энхий гэрээнд гарын үсэг зурах хэлбэрээр АНУ-аас аюулгүй байдлын баталгаа олгохыг БНАСАУ хүсч байна” гэж тус сонинд мэдээлжээ.


АНУ-ын эрх баригчид Умард Солонгост байгаа пуужин, цөмийн хөтөлбөртэй холбоотой объектуудын жагсаалт хийгээд цөмийн зэвсгээс эргэлт буцалтгүйгээр, бүрэн ангижрахын тулд алхам алхмаар авч хэрэгжүүлэх хуваарь гаргахыг БНАСАУ-ын эрх баригчдаас хүсэх төлөвтэй байна.


БНАСАУ-ын төлөөлөгч Ким Ён Чоль АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай яриа хэлэлцээ хийхээр өнөөдөр Вашингтон хотод хүрэлцэн ирсэн юм. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудал энэ яриа хэлэлцээний гол сэдэв болох аж. Түүнчлэн Ким Ён Чоль АНУ-ын төрийн тэргүүнтэй уулзаж, Ким Жөн Уны захидлыг түүнд дамжуулан өгч магадгүй байна. 

Холбоотой мэдээ