Хүрэл тулга яруу найргийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 11:54:43

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Хүрэл тулга” яруу найргийн наадам энэ сарын 11-нд Өмнөговь аймгийн төв Даланзадгадад боллоо. Тус тэмцээнд аймгийн төвийн болоод хөдөө сумдаас ирсэн нийт 40 орчим хүүхэд оролцжээ.

Ахлах нас, дунд нас гэсэн хоёр ангилалд өөрсдийн бичсэн шүлгээрээ өрсөлдсөн сурагчдаас ахлах насанд Даланзадгадын 4-р сургуулийн 12б ангийн сурагч Мөнхбаяр түрүүлж,  2-р сургуулийн 11б ангийн сурагч Бямбацогт удаалж, 3-р сургуулийн 12г ангийн сурагч Пэрэнлэйжамц гуравдугаар байрт шалгарсан байна.

Дунд насны ангилалд 1-р сургуулийн 8в ангийн сурагч Нандинболор түрүүлж, Баяндалай сумын 5а ангийн сурагч Батзориг удаалж, Цогтцэций сумын 8а ангийн сурагч Нацагдорж гуравдугаарт байрт шалгарчээ. Тэмцээнд оролцогчид эхний хоёр даваанд бэлдэж ирсэн шүлгээрээ өрсөлдсөн бол сүүлийн шатанд шүүгчдээс өгсөн сэдвийн дагуу 5 минутанд 8-аас дээш мөрт шүлэг бичиж өрсөлдсөн юм.

Уг тэмцээний шүүгчдийн зүгээс ахлах насныханд “Тунгалагшил”, дунд насныханд “Зүүд” гэсэн сэдэв өгсөн байлаа. Хүрэл тулга яруу найргийн тэмцээн нь хоёр жилд нэг удаа аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэсээс зохион байгуулдаг юм. Энэ удаагийн тэмцээн нэлээн өргөн хүрээтэй боллоо гэж зохион байгуулагчид онцолж байлаа. Тус тэмцээнд түрүүлж удаалсан 12 дугаар ангийн сурагчид Мөнхбаяр, Пэрэнлэйжамц нар болоод утга уянга сайтай шүлэгч 3-р сургуулийн сурагч Батцэцэг нарт Утга зохиол нийгмийн ажилтаны дээд сургуульд орох урилга гардуулав.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ