“Ном уншигч хүүхдүүд”-ийн анхдугаар чуулга уулзалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 12:10:20

Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо энэ сарын 3-р сарын 18-нд “Ном ушигч хүүхдүүд”-ийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Тус чуулга уулзалтанд сум бүрээс нэг хүүхэд, сургуулийн номын санчтайгаа хамт ирэх ажээ.

Мөн аймгийн төвийн сургууль бүрээс 10 шилдэг ном уншдаг сурагч оролцоно. Номын санч, хүүхдүүд нийтээ 100 гаруй хүн оролцуулахаар урьдчилан төлөвлөж байгаа юм. Уг чуулга уулзалтын зорилго нь хүүхдүүдэд ном унших сонирхол төрүүлэх, бүтээлчээр унших арга барил эзэмшүүлэх, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, номын нөхөр сурагчдын урамшуулан дэмжих, хөгжүүлэх, номын сангуудаас сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна.

Өмнөговь аймгийн 3-р сургуулиас санаачилсан “Ном уншигч хүүхдүүд” чуулга уулзалтыг аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулахаар болжээ. “Би номын санчаар 29 дэх жилдээ ажиллаж байна. Одооны хүүхдүүд ном уншихаа больжээ гэж толгой сэгсрэхээс өмнө тэдний ном унших сэдлийг нь хэрхэн төрүүлэх талаар бид бодож ажиллах хэрэгтэй” гэж дээрх ажлыг санаачилсан 3-р сургуулийн номын санч  Р.Алтанцэцэг ярилаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ