Монголчууд цахим спортоор анх удаа Ази, Номхон далайн бүсэд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-22 11:29:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим спортын “Predator League Mongolia” тэмцээнд 5 гишүүний бүрэлдэхүүнтэй 32 баг “Dota 2” төрлөөр өрсөлдөж “yG” баг аваргаар тодорч 3 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.


Мөн тус баг Tайландын Бангкок хотноо ирэх сард болох Ази Номхон далайн орнуудын дунд зохион байгуулах 400 мянган ам.долларын шагналын сан бүхий “Predator League 2019” тэмцээнд улсаа төлөөлж анх удаагаа оролцох эрх авлаа.


Acer брэнд цахим спортыг дэмжин жил бүр Ази номхон далайн орнуудын дунд “Predator League” хэмээх уг тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилээс эхлэн манай улсаас нэг баг оролцох эрх олгож байгаа юм. Иймд энэ сарын 3-19-нд “Predator League Mongolia” тэмцээнийг амжилттай зохиож аварга багийг ийнхүү шалгаруулжээ. Энэ тэмцээний шигшээ тоглолтод 3:1-ээр “Horhor” баг 2 дугаар байр эзэлж 2 сая төгрөг гардсан юм.


Олон улсын хэмжээний томоохон тэмцээнийг зохион байгуулахад технологийн түншээр Монголын электрон барааны салбарт тэргүүлэгч Нэкст Электроникс ажилласан бөгөөд тус тэмцээнд оролцогчдод Acer брэндийн Predator компьютероор дэмжин тоглуулжээ.  Мөн шигшээ тоглолтын завсарлагаанаар Нэкстээс асуулт хариултын тэмцээн зохиож зөв хариулсан оролцогчдод ухаалаг төхөөрөмж бэлэглэсэн байна.


Бангкок хотод 2 дугаар сарын 15-17-нд болох “Predator League” тэмцээнд Малайз, Тайланд, Филиппин, Индонез, Сингапур, Энэтхэг, Мьянмар, Шри-Ланка, Монголын шилдэг 15 баг өрсөлдөнө.

 

Холбоотой мэдээ