Баруун-Урт сумын долоон уулзварт гэрлэн дохио, хяналтын камер суурилуулж эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/.
Аймгийн засаг даргын орлогч Т.Мөнхболд холбогдох хүмүүсийн хамт аймгийн
Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Аймгийн ЦГ-аас 2019 онд олон ажил
хийхээр төлөвлөсөнөөс авто замын камержуулалт, гэрлэн дохио болон газрын
конторын шинэ барилгын асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байгааг
уламжиллаа.
ЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан аймгийн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал болоод бусад асуудлыг танилцуулсан юм. Он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан болон мал, орон байрны хулгай их гарч байгааг хэллээ. Ер нь өнгөрсөн онд ихэнх төрлийн гэмт хэргүүд өссөн үзүүлэлттэй байгааг анхааруулаад урьдчилан сэргийлэх ажил дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш учир төр захиргааны зүгээс дэмжиж хамтран ажиллах, иргэд рүү чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг хангалттай түвшинд хийх шаардлагатайг хэлсэн юм.
Цагдаагийн газрын
одоо ашиглаж буй барилга нь 1978 онд баригдсан. Өрөө тасалгааны хувьд
хүрэлцээгүй учир нэг өрөөнд 3-5 алба хаагч сууж ажилладаг. Хуучны барилга учир
оготно тархсаны улмаас байнгын хор ариутгал цацдаг нь ажиллах орчин нөхцөл
болоод алба хаагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болжээ. Мөн ямар ч
агааржуулалтгүй юм байна. Тиймээс газрын удирдлагуудын зүгээс шинэ конторын
асуудлыг холбогдох хүмүүст танилцуулж, одоогоор төсөв, зургаа тодорхой болгоод
байгаа аж.
Монгол Улсын 21 аймаг дунд төв зам нь хяналтын камергүй, гэрлэн дохиогүй ганц аймаг нь Сүхбаатар аймаг. Энэ асуудал хэдэн жил дамнан яригдаж байгаа ч дорвитой ажил хэрэг болоогүй. Тэгвэл энэ онд Баруун-Ур сумын долоон уулзварт гэрлэн дохио, хяналтын камер суурилуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн аймгийн төвийн бүх аж ахуй нэгж, байгууллагыг гадна камертай болгож телекамерын хяналтыг цагдаагийн газарт төвлөрүүлэх ажлын бэлтгэлийг хангаж эхэлжээ. Ингэснээр гадна орчинд үйлдэгдэж буй гэмт хэрг зөрчлийг бууруулах, гарсан хэргийг хурдан шуурхай илрүүлэхэд өндөр ач холбогдолтой байна.
Аймгийн ЦГ нь 2014
онд газар болж өргөжсөн. Гэвч өнөөг хүртэл бүтэц орон тоо болоод төсөв
нэмэгдээгүй. Байвал зохих орон тоо 30-40 хүнээр дутуу ажилладаг. Эрүү хэв
журмын нөхцөл байдал жилээс жилд хүндэрч байгаа тул орон тоог аймаг орон нутгийн хэмжээнд шийдвэрлэн олон нийтийн цагдаагийн тоог
нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.
Харин аймгийн засаг
даргын орлогч Т.Мөнхболд нөхцөл байдалтай биечлэн танилцсан учир аймаг орон
нутгийн төсөвтэй холбоотой асуудал хэлэлцэхэд Цагдаагийн газрын саналыг түлхүү
оруулах, дэмжих болно гэдгээ илэрхийлсэн юм. Мөн нэн шаардлагатай асуудлыг шийдвэрлүүлэхэд
холбогдох хүмүүст нөлөөлөх, бие даан шийдвэрлэх боломжтой зарим асуудлыг нэн
даруй ажил хэрэг болгоно гэв.