Мөст сум богино хугацаанд яаж хөгжсөн нь хэнд ч харагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 13:39:32

Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн  Засаг даргын хөдөө аж ахуй, дэд бүтэц, эдийн засаг хариуцсан орлогч М.Амарсанаагийн сонгогдсон тойрог Мөст сум ажлын амжилт бүтээлээрээ 2015 онд  аймгийнхаа 17 сумаас 3 байр эзэлж  сайхан амжилт гаргасан юм. Тус сумын өнгө төрх, бүтээн байгуулалт,өөрчлөлт, хөгжил дэвшлийн талаар тодруулж ярилцлаа.

-Та өөрийнхөө сонгогдсон тойрог Мөст суманд юуг хийхээр амлаж байсан бэ? Энэ өндөрлөгөөс харахад таны амлалтаа яаж биелүүлж байна?

-Би 2012 оны аймгийн орон нутгийн сонгуулиар Мөст сумаас ард иргэдээсээ хамгийн өндөр саналыг авч сонгогдсон. Сонгогдсоноосоо хойш ер нь тойрогтоо байнга очиж ажиллаж байна. 2012 оны аймгийн орон нутгийн сонгуулиар Мөст сумын ард иргэдэд өгсөн мөрийн хөтөлбөр, амлалтууд бий. Үүнд хэд хэдэн чухал асуудлуудыг шийдье гэж  иргэддээ ярьдаг байсан мөн хөтөлбөрт ч тусгагдсан. Үүнд Бодончийн хавцал, хар говь, Алтайн өндөр уулсуудад гар утасны сүлжээг оруулах санал нь иргэдээс авсан зайлшгүй чухал асуудлуудын нэг байсан. Алслагдсан нутгийн малчид гар утасны сүлжээ оруулснаар бие биетэйгээ холбогдох  зайлшгүй шаардлага байна гэсэн. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ховд аймгийн 93 багт Жи-мобайлын сүлжээг тавьснаар энэ асуудал шийдэгдсэн.

-Сонгогдсон тойрогт тань Азийн хөгжлийн босоо тэнхлэгийн авто зам дайран өнгөрч байгаа, тэгэхээр зам дагаж хөгжил ирэв үү?

-Энэ авто зам нь тухайн бүс нутгийн ард иргэдийн эдийн засаг цаг хугацааг хэмнэх  ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болсон. Энэ авто зам  Мөст сумын Уртын сайраар дайран өнгөрч байгаа тухайн үеийн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Р.Амаржаргал нарын санаачилгаар Мөст сум руу ойртуулж тавигдсан. Учир нь ихэнх машинууд Хар хөтөл, Хөх хөтлөөр дайран өнгөрвөл дөт байдаг ззавал уртын сайраар явуулсан нь Мөст сумыг авто замаар холбогдоход  тустай ажил болсон.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 19 км зам энэ онд ажил нь эхэлнэ. Үүний экспертезээр батлагдсан зураг төсөв бэлэн болгохын тулд 80 сая төгрөг хэрэгцээтэй байгаагаас 30 сая төгрөгийг аймгийн ИТХ-аас шийдвэрлүүлж Уртын сайраас Мөст сумыг холбох авто замын зураг төсөл бэлэн болоод байна. Үүний 30 сая төгрөгийг миний оролцоотой шийдсэн.

-2015 онд таны сонгогдсон тойрог Мөст суманд бүтээн байгуулалтын даллага авсан түүхэн жил боллоо гэж нутгийнхан тань ярьж байна. Яг ямар бүтээн байгуулалтууд хийгдэвээ?

-Ховд аймгийн Мөст сум  Улаанбаатар хотоос 1325 км, аймгийн төвөөс 190 км зайд оршдог 3000 гаруй хүн амтай. Саяхан л хөгжлөөрөө аймагтаа сүүл мушгих сумдын тоонд ордог байлаа. Харин өнөөдөр Мөст сумыг зорин очсон хэн ч энэ сум ямар богино хугацаанд хэрхэн өөрчлөгдөж чадсан бэ гэдгийг харж болно.

 2015 он бол Мөстчүүдийн хувьд томоохон бүтээн байгуулалт өрнөсөн, хийсэн, хүлээж авсан. Тэр хэмжээгээр  хөгжил дэвшил бий болж, ажилсаг эвсэг хөдөлмөрч хамт олны хүчээр  сумын хөгжлийн өнгө төрх  үнэхээр шинэчлэгдсэн. 

Улсын төсвийн 1 тэрбум 50  сая төгрөгийн  хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн дотуур байрыг “Хаш Өргөө” компани барьж уг барилгыг шинээр ашиглалтанд орууллаа. Мөн 772 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орж нээлтээ хийлээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Мөст суманд 1 км зам тавигдлаа. Мөст сумын сум дундын эмнэлэгийн өргөтгөл засварын ажил улсын төсвийн 150 сая, орон нутгийн хөгжлийн сангийн 2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж амжилттай дууслаа. Хувийн хэвшлийнхний хандив тусламжтайгаар 230 сая төгрөгөөр хүүхэд багачууд, ахмад настануудад цэцэрлэгт хүрээлэн баригдлаа.

Хөдөөгийн иргэдэд УИХ, Засгийн газар, аймаг сумын ИТХ,ЗДТГ-аас гаргаж байгаа бодлого шийдвэрийг хүргэх, хэрэгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж, жишиг багийн төвийн барилгыг Баянхайрхан, Хужирт багт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, сумын Бизнес инкубатор төвийн нэг давхар заалыг Цэцэг гол багийн өвлийн төв болгон орон нутгийн хөгжлийн санхүүжилтээр тохижуулсан.

Сумын иргэдийн ая тухтай, тогтвор суурьшилтай, сэтгэл хангалуун ажиллаж амьдрах нөхцөл бүрдэж байна гэж үзэж байгаа. 

-Мөстчүүд  2015 оны ажлаараа  аймагтаа 3 дугаар байр эзэлж, бахархам сайхан амжилт гаргалаа. Та сонгогдсон  тойргийнхоо сумын  ажлын амжилтаас хуваалцахгүй юу?

-Төрийн ажил үйлчилгээний чанар, зохион байгуулалтыг сайжруулж, сум орон нутгаа хөгжүүлэн бүтээн байгуулалтын ажлыг бид бүхэн  хамтын хөдөлмөр зүтгэлийн үр дүнд богино хугацаанд хийж гүйцэтгэсэн амжилтаараа Мөст сум аймагтаа 3 дугаар байр эзэлж, өргөмжлөл, 3 сая төгрөгөөр шагнууллаа.

Хүн ардынхаа эрүүл энхийн үйлсэд өөрийн мэдлэг ур чадвараа зориулан ажиллаж байгаа Сум дундын хүн эмнэлгийн их эмч Д.Бямбаахүү Монгол Улсын Хүний гавьяат эмч цол хүртлээ.

Өндөр уулын бүсийн сумын хувьд  13160 сарлаг тоолуулж манай сумын малчид сайхан  амжилт гаргаад байна.

Мал аж ахуйн салбарт тогтвортой ажиллаж, мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулан, залуу малчин халааг бэлтгэж, малынхаа ашиг шимийг нэмэгдүүлж, амьдралын боломж муутай айл өрхөд тус дэм үзүүлж яваа Баянхайрхан багийн малчин Ж.Төмөрөө Монгол улсын сайн малчин цол алдрыг хүртэж нутаг усныхаа нэр хүндийг өргөж явна.

Мөст сумын нэрийн хуудас болж яваа урлаг соёлын зүтгэлтэн сумын Соёлын төвийн захирал Ч.Хархүү төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Цэцэг гол багийн малчин Т.Тугал Монгол Улсын алдарт уяач цолоор шагнууллаа.

Монгол Улсын төрийн дээд одон Алтан гадас одонгоор  сумын сургуулийн багш  Н.Энхжаргал, ахмад багш О.Ичинхорлоо, Баян хайрхан багийн малчин Д.Дашзэвэг нар,  Хөдөлмөрийн хүндэт медалиар суман дахь Улсын нөөцийн салбарын эрхлэгч Д.Цагаандаржаа нар шагнагдаж нутаг орныхоо  үлгэр дууриал болж явна.    

-Аймгийн ИТХ-ын төлөөлөгч  Д.Хуягбаатар та хоёр БОЭТөвд иргэдийн хүлээх тэнхимд сандал, ширээ тавьж тохижуулсан байсан шүү дээ?  

-Аймгийн ИТХ-аас төлөөлөгч, тэргүүлэгчид  нарыг урьж Бүсийн оношилгооны төвийн 90 жилийн ойг угтаж Хар ус нуурын хөвөөн дээр уулзалт болсон юм. Энэ үеэр аймгийн ИХТөлөөлөгч  нараас Бүсийн оношилгооны төвд бодит ажил хийхийг  ИТХ-ын төлөөлөгч  Д.Хуягбаатар бид хоёр санаачилсан.

Бид аймгийн эмнэлгийн дотор, мэдрэлийн тасгийн гурван давхрын хүлээх танхим буюу фетюлийг тохижуулж өгсөн. Үүнийг тохижуулах болсон шалтгаан бол миний аав Б.Морх, Хуягбаатарын ээж Бямбаа нар эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан профессор буурлууд байдаг.

Тэр утгаараа нийт эмч нарын хүүхдүүдийг төлөөлж Эрүүл мэндийн байгууллагын  90 жилийн ойд  зориулан өөрсдийн боломж, сэтгэлээрээ бэлэг барьсан. Манай хоёр гэрийн амьдрал ахуй БОЭТ-тэй салшгүй холбоотой  учраас энэ ажлыг зайлшгүй хийж бага ч болов тус дэм өгөе гэж бодсон. БОЭТ-ын эмч, ажилчдын зүгээс амласан ажлаа хугацаанд хийж гүйцэтгэсэнд талархалтай хандаж байдаг юм.

Ярилцсан А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ