800 иргэнийг ажлын байранд зуучлах төлөвлөгөөтэй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 13:54:11

Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс 2016 ондоо 800 иргэнийг ажлын байранд зуучлах зорилт тавин ажиллаж байгаа юм.

Одоогийн байдлаар 727 иргэн идэвхтэй ажил хайгчаар бүртгэлтэй байна. Сүүлийн жилүүдийн бүртгэлээс харахад жилд дунджаар 700 орчим иргэн идэвхтэй ажил хайгчаар бүртгэлтэй байдаг аж. Мөн энэ ондоо 900 шинэ ажлын байрыг бий болгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм. Өнгөрөгч 2013-2015 онд 3228 иргэн ажилд зуучлагдсан ажээ.

“Уул уурхай 2014-2015 онд зогсонг байдалд орсны улмаас ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн. Энэ сараас уул уурхай сэргэх хандлагатай байна. Манайхаар ажлын байрын захиалгууд орж ирсээр байна. Иргэд эхнээсээ уул уурхайд ажилд ороод явж байгаа” гэж Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэсийн ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн н.Болорцэцэг ярилаа.

Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа эхлэхээр 3000 ажлын байр нэмэгдэнэ гэсэн мэдээллийн дагуу Оюутолгойд орох хүсэлтэй иргэд нэлээн бүртгүүлээд байгаа аж. Оюутолгой уурхай аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа эхлэхээр тус хэлтэст бүртгэлтэй иргэдээс авна гэж Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст мэдэгдсэн байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ