Оскарын шагналд нэр дэвшигчдийг танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-01-23 11:22:07

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг Оскарын наадмын 91 дэх удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг мягмар гарагт олон нийтэд танилцуулжээ.


Netflix” компанийн уран бүтээл "Roma" болон драм, инээдмийн киноны хоршил “The Favourite” кино хамгийн олон буюу тус бүр 10 шагналд нэр дэвшсэн байна.


"Black Panther" кино нь “шилдэг кино” шагналд нэр дэвшсэн супер баатруудын тухай анхны кино болсон бол энэ шагналын төлөө "BlacKkKlansman", "Bohemian Rhapsody", "The Favourite", "Green Book", "Roma", "A Star Is Born" болон "Vice" кино өрсөлдөж байгаа ажээ.


Ажиглагчдын үзэж буйгаар, “шилдэг эмэгтэй жүжигчин” шагналд Глен Клос болон Лейди Гага нарын хооронд хүчтэй өрсөлдөөн өрнөж магадгүй аж. Энэ нь нэгдүгээр сарын эхээр болсон “Алтан бөмбөрцөг” болон АНУ-ын Кино шүүмжлэгчдийн зөвлөлийн наадмын үеэр дээрх хоёр дүрийн хооронд гол өрсөлдөөн өрнөсөнтэй холбоотой юм.


Өнгөрсөн онд Оскарын наадмыг телевизээр 26.5 сая хүн үзсэн нь урьд байгаагүй хамгийн бага үзүүлэлт болсон бөгөөд энэ жил сонирхолтой олон кино болон уран бүтээлчид нэр дэвшиж байгаа тул үзэгчдийн тоо нэмэгдэнэ хэмээн мэргэжилтнүүд найдаж байгаа ажээ. 


Энэ жилийн Оскарын наадам Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо байрладаг “Dolby” театрт ирэх хоёрдугаар сарын 24-нд болно. 

Холбоотой мэдээ