Ховд аймгийн БОЭТ “Нярайн эмгэг судлалын тасаг”-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-24 11:05:52

Ховд |МОНЦАМЭ| Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “Нярайн эмгэг судлалын тасаг” шинээр байгуулж, энэ сарын 23-ны өдөр нээлтийн ёслол хийлээ.

Амаржих газарт нээгдсэн энэ тасаг нь 6 өрөөтэй, 0-28 хоногтой нярайн эмгэгийг эмчлэх 8 ортой, 16 нэр төрлийн 30 гаруй тоног төхөөрөмжтэй байна. Мөн нярайн нэн шаардлагатай тусламж үзүүлэх эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангагдсан бөгөөд нарийн мэргэжлийн 5 эмч, мэргэшсэн 10 сувилагч, нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.  

Манай аймагт 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 19.1 хувь, нялхсын эндэгдэл 14,9 хувь, перинатель эндэгдэл 14.3 хувь байгаа нь улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа юм. Иймээс нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах, ялангуяа эрт нярай үеийн хүүхдүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор БОЭТ-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А|49 дүгээр тушаалаар “Нярайн эмгэг судлалын тасаг” байгуулжээ. 

БОЭТ-ийн Амаржих газарт аймгийн жирэмсэн эхчүүдийн 84.7 хувь нь төрдөг.  Өнгөрсөн онд эрт нярай үеийн эндэгдэл 17 бүртгэгдсэнээс 14 нь эхийн суурь эмгэг, жирэмсэн үеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан дутуу төрсөн нярай байжээ. Тиймээс нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулахад шинэ тасгийн хамт олон анхаарч ажиллана гэж тус тасгийн эрхлэгч, нярайн их эмч Ц.Солонго онцлон хэллээ. 

БОЭТ-д “Нярайн эмгэг судлалын тасаг” үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр нярай хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх, нярайн эмгэгийг эрт илрүүлэн эмчлэхэд чухал ач холбогдолтой болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байна. 


                                                                                                          Н.Лхагва


Холбоотой мэдээ