Эрүүл мэндийн “Цахим мэдээллийн төв” нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-24 14:48:33

Ховд МОНЦАМЭ/ Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас сумдын эрүүл мэндийн төвтэй түргэн шуурхай мэдээлэл солилцох, эмч, мэргэжилтнүүдэд цахим технологид суурилсан мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилгоор “Цахим мэдээллийн төв” байгууллаа.

Энэхүү төвд НҮБ-ын Хүн амын сангийн 8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 нэр төрлийн  мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлжээ. Мөн сумдын эрүүл мэндийн төвүүдэд камер, микрофон зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр аймгийн ЭМГ-аас цахим мэдээллийн төвөөр дамжуулан 16 сумын эрүүл мэндийн төвтэй холбогдож, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцох, хурал, сургалт зохион байгуулах боломж бүрдэж байна. Цаашид цахим мэдээллийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй холбогдож зөвлөгөө авах, хурал, зөвлөлгөөн хийх, өвчтөний мэдээлэл солилцох боломж бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэж албаныхан мэдээллээ.

                                                                                                                Н.Лхагва

 

Холбоотой мэдээ