Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-24 10:54:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Ё.Баатарбилэг, М.Билэгт нарын гишүүний саналаар түр хойшлууллаа.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд уурхайгаас олборлож худалдсан эсхүл ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс улсын төсөвт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) төлдөг. Өөрөөр хэлбэл, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан байгууллагууд АМНАТ төлдөггүй аж. Иймд ашигт хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг АМНАТ төлдөг байхаар хуулийн төсөлд тусгасан юм. Түүнчлэн уг хуулийн “Монголбанк, арилжааны банканд худалдсан алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна” гэсэн заалт энэ сарын 01-нд дууссан юм. 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү заалтын үр дүнд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн болж өссөн байна. Тиймээс уг заалтыг дахин 5 жил сунгахаар хуулийн төсөлд тусгажээ.

Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Билэгт нар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гадаадад томилолтоор яваа тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан юм.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг дэмжлээ. Чуулганаар “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” тогтоолын төслийг анхлан хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ