Идэвхтэй ажил хайгч иргэдийн 24 хувь нь дээд боловсролтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-28 17:47:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2018 оны жилийн эцсийн байдлаар Дундговь аймгийн хэмжээнд идэвхтэй ажил хайгч 487 хүн байгаагийн 24 хувь нь дипломын болон баклаврын дээд боловсролтой байгаа бол  3.0 хувь нь тусгай болон  мэргэжлийн дунд, 9.0 хувь нь техникийн болон мэргэжлийн, 34.0 хувь нь бүрэн дунд боловсролтой иргэд байна. Тэдгээрийн 54.2 хувь буюу 318 нь эмэгтэйчүүд байгаа ажээ.

Өнгөрсөн онд “Нийгмийн даатгалын сан”-гийн ажилгүйдлийн тэтгэмжид 300 даатгуулагч хамрагдаж, тэтгэмжээ авсан байдаг.

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээлснээр тус аймгийн хэмжээнд 6854 иргэн ажил хөдөлмөр эрхэлж, даатгалаа төлж байгаа бол 4445 иргэн сайн дурын даатгалд хамрагдаж байгаа ажээ.

Аймгийн статистик мэдээгээр өнгөрсөн оны эхний байдлаар хөдөлмөрийн насны 30,528 иргэн байгаа бөгөөд ажилгүй нийт иргэдийн дунд идэвхтэй ажил хайгч иргэд маш бага хувийг эзэлж байгаа юм.

Өнгөрсөн оны байдлаар аймгийн дунджаар 10000 хүн тутамд 160 ажилгүй иргэн ногдож байна. Энэ тоо Говь-Угтаал, Хулд, Баянжаргалан, Гурвансайхан, Дэлгэрцогт, Сайнцагаан, Өлзийт, Дэрэн сумдад аймгийн дунджаас дээгүүр байгаа ажээ.

Холбоотой мэдээ