Хаягжилтын ажил 70 хувьтай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 17:08:44

Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Хаягжуулалтын тухай хуулийг 2013 онд батлан хэрэгжүүлж байна.

Хуулийн хүрээнд гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг гаргасан ч хэрэгжүүлэлт удааширч байгаа юм. 2016 онд явагдах УИХ болоод Орон нутгийн сонгуулиас өмнө хаягжилтын ажлыг дуусгах шаардлагатай байгаа бөгөөд аймгийн Засаг даргын захирамж гаран ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Одоогийн байдлаар Өвөрхангай аймагт хаягжилтын ажил 70 хувьтай хэрэгжиж байгаагаас хүн ам ихтэй  Арвайхээр, Хархорин сумдад 60 хувьтай, бусад сумдад 90 хувьтай байгаа аж.

Үүнээс гадна 18 нас хүрсэн иргэн бүрийг цахимаар бүртгэлжүүлэх ажил 3 сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд иргэд burtgel.mn хаягаар нэвтрэн өөрсдийн мэдээллийг шалгах, сонгуулийн саналаа хаана өгөх ёстойг мэдэх боломжтой юм. Түүнчлэн Сонгуулийн тухай хууль, ЗЗНДНТУТ хуулийн дагуу сонгуулийн үйл ажиллагаанаас 60 хоногийн өмнө буюу 4 сарын 30 хүртэл хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөн хийх боломжтойг Иргэний бүртгэлийн хэлтсээс нийт иргэдэд анхааруулж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ