Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын хошой аварга малчны шагналыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-29 11:46:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн малчин Д.Баярсайханыд зочлон Монгол Улсын хошой аварга малчны шагналыг гардууллаа. Шагнал гардуулах үеэрээ Ерөнхий сайд, арав гаруй өрхийг малжуулж, тогтмол ажлын байраар хангаж, аймаг орон нутаг төдийгүй улс эх орныхоо эдийн засгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шинэхэн хошой аварга малчинд тусгайлан талархал илэрхийлээд, Монгол Улсын гавъяат малчин болохыг ерөөлөө.

Д.Баярсайхан нь Уулбаян сумаас таван жил дараалан тодорч буй улсын цолтой малчны нэг болж байна. Тэрээр нэгдэл дундын тракторын жолооч, багийн Засаг дарга зэрэг алба хашиж байгаад малчин болсон бөгөөд өдгөө 20 гаруй жил МАА-н салбарт ажиллаж байна. 2014 онд Улсын аварга малчин болж байсан бол ийнхүү таван жилийн дараа энэхүү амжилтаа бататган хошой аварга малчин болжээ.


“МАА-н салбарт 20 гаруй жил ажиллахдаа төр засгийнхаа хайр ивээлийг олон удаа хүртэж байна. Энэ бол хэдэн малын минь, цаашлаад малчдын маань ач тус, буян юм даа. Мөн энэ хүндэт шагналаа малынхаа хотонд, нутгийн унаган хүү, Монгол Улсын ерөнхий сайдынхаа гараас авна гэдэг хүн болгонд олдох завшаан биш. Би үүнд маш их бэлгэшээж, баяртай байна. Хэдийгээр мал сүргийнхээ тоогоор аймагтаа тэргүүлдэг ч би малын тоо бус чанарт онцгойлон анхаардаг. Сайн үүлдрийн эцэг малаар малынхаа үүлдэр угсааг сайжруулахад анхаарч байна. Ер нь мал маллахдаа миний баримталдаг гол зарчим бол отор нүүдэл сайн хийх явдал. Энэ өвөл цас багатай учир бод мал суурин, бог мал отроор явж байна. Миний хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сум, аймаг орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтад зориулж тогтмол хандив тусламж үзүүлэхээс гадна туслах малчдаа тогтмол малжуулдаг. Одоо манайх 12 туслах малчинтай. Эдгээрээс мянгат малчин дөрөв, аймгийн аварга малчин нэг төрөн гараад байна. Гэр бүлийн маань хүн малын эмч мэргэжилтэй. Мэргэжлээрээ 30 гаруй жил ажиллаж байгаа. Энэ нь надад болоод малчдад маш том давуу тал болдог” хэмээн хошой аварга  малчин Д.Баярсайхан ярилаа.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Ерөнхий сайдын зөвлөх Х.Гэрэлт-Од, аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, аймгийн ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтох, Уулбаян сумын Засаг дарга Д.Шижирбаатар болон бусад хүмүүс оролцсон юм.  

Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэлэхдээ “2018 онд Сүхбаатар аймгийн ХАА-н салбарын хувьд онцлог жил байлаа. Мал сүрэг 3,5 саяд хүрч, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, улсын аварга болон аймгийн аварга малчид олон төрөн гарлаа. Малчид болон сум, багийн Засаг дарга нартай хэд хэдэн удаа уулзалт зөвлөлгөөн хийж, ХАА-н салбарын өмнө тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймаг арилжааны болон экспортын чиглэлээр өвс хадаагүй, цөөхөн тооны аж ахуй нэгж болон иргэдтэй хамтран аймаг сумынхаа аюулгүй нөөцийн өвс, тэжээлийг бэлтгэлээ. Мөн нийт малынхаа 98,4 хувийг вакцинжуулалтад хамруулаад байна. Ингэснээр бид энэ өвлийг одоогоор ямар нэгэн халдварт өвчингүй, малын хорогдол багатай давж байна” гэлээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох хүмүүс маргааш нь Сүхбаатар сумын малчин Ш.Өвгөнхүүд мөн Монгол Улсын аварга малчны шагналыг нь гардуулсан юм. 


Ш.Өвгөнхүү нь 2018 оны жилийн эцэст 1600 гаруй мал тоолуулж, мянгат малчны болзлоо арван жил дарааллан бататгасан байна. Тэрээр малын тооноос илүү чанарт анхаардаг бөгөөд үзэмчин, барга үүлдрийн болон Баяндэлгэрийн улаан хуц, Түмэнцогт сумын Дорнод талын махны хэвшлийн улаан бухаар малынхаа үүлдэр угсааг сайжруулдаг байна.

Холбоотой мэдээ