Ховдын гурван малчин "Алтан төлийн эзэн" шагнал хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ ХХААХҮЯ, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, хамтран сар шинийн босгон дээр “Алтан төл”-ийн эздийг тодруулдаг уламжлалтай. Энэ жил Ховд аймгаас “Алтан төл”-ийн эзнээр 3 малчин тодорч, шагналаа гардан авлаа.
Мянгад сумын Цагаан булан багийн малчин Дэмбэрэлийн Гомбо 30 орчим жил мал маллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Мянгад омгийн адуун сүргээ өсгөн үржүүлж, 120 орчим гүүнээс 100 гаруй унага хүлээн авсан амжилтаараа “Алтан унага”-ны эзэн боллоо. Мянгад сумаас 2009 онд Цагаан булан багийн малчин Чулууны Гансүх Алтан хурганы эзнээр тодорсон байдаг.
Түүнээс хойш 10 жилийн дараа Цагаан булан багаас “Алтан унага”-ны эзэн тодорч байгаагаараа онцлог юм. Малчин Д. Гомбынх 1000 гаруй малтай бөгөөд 230 гаруй адуутай, 2 туслах малчин ажиллуулж байна. Жилийн дөрвөн улиралд нүүдэллэж, Тагалга, Шар харгана, Зээрэн нуур хэмээх газруудад нутаглаж мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөн үржүүлж байгаа юм. Тэрээр 2014 онд Аймгийн аварга малчин цол хүртжээ.
Мөн “Алтан хурга”-ны эзнээр Дарви сумын Баян булаг багийн малчин Цогтгэрэлийн Тарваа шалгарлаа. Ингэснээр Баян булаг багийнхаа анхны Алтан төлийн эзэн малчин болж байна. Тэрээр 19 жил мал маллаж байгаа бөгөөд сумын төвөөс 30 км-ийн зайд “Их хүнхэр” хэмээх газар өвөлжиж байна. Өнгөрсөн онд 1200 гаруй мал тоолуулсан бөгөөд үүнээс 800 орчим нь сутай үүлдрийн хонин сүрэг байна. Тус малчных өнгөрсөн онд хамгийн олон төл хүлээн авсан буюу 450 орчим хурга хүлээн авчээ. Мөн энэ хавар 500 гаруй төл мал хүлээн авахаар байна. Тэрбээр 2013 онд сумын аварга малчин, 2016 онд аймгийн аварга малчин цол хүртсэн байна. Мөн өнгөрсөн онд сумын 3 залуу малчныг дэмжиж, 50-60 малаар малжуулжээ.
Түүнчлэн Мөст сумаас анх удаа “Алтан хурга”-ны эзэн малчин тодорлоо. Тус сумын Цэцэг гол багийн малчин Хашхүүгийн Бямбацогт өнгөрсөн онд 500 гаруй хурга хүлээн авсан амжилтаараа “Алтан хурга”-ны эзнээр шалгарчээ. Малчин Х.Бямбацогт нь 1988 оноос эхлэн мал маллаж байгаа ба өнгөрсөн онд 1500 гаруй мал тоолуулжээ. Үүнээс 800 гаруй хоньтой байна. Энэ хавар 100 орчим төл хүлээн авахаар байгаа гэв. Малчдын шагналыг Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сум орон нутгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.
Н.Лхагва