Хийсэн ажил, бүтээсэн амжилтаараа онцгойрсон шилдгүүд шагналаа гардаж авлаа

Фото мэдээ
otgontsetseg@montsame.mn
2019-01-30 21:03:27

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Монгол Улсын аварга малчин, тариаланч, "Алтан төлийн эзэн" шагнал хүртэгсдэд УИХ, Засгийн газар, аймаг, сумын удирдлагууд гэрт нь очиж шагналыг нь хүндэтгэлтэйгээр гардууллаа.

“Улсын аварга тариаланч” хэмээх эрхэм цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.Анхтөрийн шагналыг УИХ-ын гишүүн  Ж.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар гардуулан өглөө. 

-“Улсын аварга тариаланч” Б.Анхтөр:27 жил ногоо тарьж өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд намираа услалтын системийн давуу талыг сумынхаа өрхийн тариалан эрхлэгчид, ногоочдод сурталчлан дэлгэрүүлж, сүүлийн таван жилд оройн байцааг түлхүү тариалж байгаа онцлогоороо улсын аваргын эрхэм цолонд хүрчээ.  

-“Улсын аварга тариаланч хамт олон”-оор тодорсон Баянгол сумын "Түмэн бут" ХХК-ийн хамт олон “хараа” бүсийнхээ түүхэнд 25 жилийн дараа энэхүү нэр хүндтэй шагналыг авчирчээ. Тус компани эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж, дараа оныхоо тариалалтын үрийг 90 тн үрээр нөөцөлж, компанийн зүгээс техникийн парк бүрдүүлэлтийг тогтмол хугацаанд явуулж хэвшжээ. Мөн тус компани тогтмол ажлын байраа хадгалж, ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, экологийн эрүүл хүнсээр хүн ардаа хангах үүргээ үнэнчээр биелүүлж, татварт 8.5 сая төгрөгийг төлсөн байна. Түүнчлэн хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлж, өөрийн газар зүйн онцлогтоо тохируулан, тариалалтын горимоо мөрдөж, технологио зөв барьж ажиллаж чадсанаар жил бүр ургац алдалгүй жигд ажилласан амжилтаар аваргалжээ.

-"Алтан унаганы эзэн" Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн иргэн Ц.Төгсжаргал адууны хийморь намайг өдий зэрэгтэй хүргэлээ. Би малтайгаа хүний хэлээр ярьж ойлголцдог. Мал чинь их ухаантай, хүний хэл сайн ойлгодог амьтан шүү хэмээн бахархан ярьсан юм. "Алтан унаганы эзэн" 70 гарч яваа хөдөлмөрч буурай маань 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 135, Үхэр 17, хонь 50 нийт 202 толгой мал тоолуулжээ. Тэрээр улсад тасралтгүй 43 жил хөдөлмөрлөж, тэтгэвэртээ гараад өнөөдрийг хүртэл 28 жил мал аж ахуйн салбарт өөрийн хөдөлмөрөө зориулан яваа ажээ. Мөн төрөөс малчдын талаар баримталж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, 2011 онд 12х6 харьцаатай фермерийн барилга, 5х6 харьцаатай адууны чүчээ барьж, малын үүлдэр угсаагаа сайжруулан адуун сүргээ цэвэр араб азарга, англи үүлдрийн эрлийз азарга, жаргалант үүлдрийн гүүгээр үржил селекцийн ажлыг мэргэжлийн зөвөлгөөний дагуу явуулж адуугаа өсгөжээ. "Алтан төлийн эзэн" ажилсаг хөдөлмөрч тэрээр малч уйгагүй хөдөлмөрч зангаа бусдад өвлүүлэхийн зэрэгцээ жилдээ 5-8 тогтмол ажлын байрыг гарган ажилласан амжилт үзүүлжээ.

-“Алтан хурганы эзэн" Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин Н.Отгондорж:Мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого зорилтыг хэрэгжүүлж, байгаль цаг уурын эрсдлийг хохирол багатай даван туулж, сүргийн бүтцийн зохистой харьцаанд барьж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд адуугаа жаргалант угшлаар, үхрээ алатау үүлдрээр, хонио үзэмчин, баяд үүлдрээр, ямаагаа Баяндэлгэрийн улаан ямаагаар сайжруулж, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэн, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 15 өрхөд 98 бод, 330 гаруй бог мал өгч малжуулжээ. Н.Отгондорж нь мал маллах уламжлалт ухааныг зах зээлийн нийгэмтэй хослуулан өнөөгийн нийгэмд малчин хүн малаа хэрхэн өсгөж, малынхаа ашиг шимээр сайхан амьдарч болдогийг сум, багийн малчиддаа үлгэрлэн харуулж яваа хөдөлмөрч, малч ухаанаараа ийнхүү "Алтан төлийн эзэн"  болжээ.  

-“Улсын аварга малчин” Ерөө сумын хоёрдугаар багийн малчин С.Түмэн-Өлзий:С.Түмэн-Өлзий 33 жил малчинаар ажиллаж байгаа. Түүний малласан мал нь тараг тэвээргээ алддаггүй, жилийн дөрвөн улиралд өнгө зүс сайтай, цаг агаарын хүндрэлтэй үеийг эрсдэлгүй давж чаддаг онцлогтойгоос гадна  өөрийн мал маллах арга туршлагаасаа залуу малчдад төдийгүй төрөл төрөгсөд, хот хорооныхоо малчдад харамгүй хэлж зааж сургадаг байна. Мөн мал маллахын зэрэгцээ бусдад өөрийн сэтгэлийн болон эд материалын тусламж дэмжлэгийг сэтгэлээсээ өгч, сум орон нутгийн зүгээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дагаж мөрдөх, дэмжин ажиллах, татвар болон бусад төлбөр хураамжийг цаг тухай бүрд нь төлж нийгмийн хариуцлагаа ухамсартайгаар сайн биелүүлж яваа ажээ. Мөн тэрээр малын тоонд бус үүлдэр угсаа, эрчимжсэн байдал, түүнээс хүртэх үр ашгийг нь тооцоолж нийт мал сүргийнхээ 76 хувийг баяд үүлдрийн хонь, 19.4 хувийг өлгийн улаан үүлдрийн ямаан сүргээр өсгөн үржүүлж тоо толгойг нь мянгад хүргэж, цөм сүрэгт эзлэх ямааны тоо толгойг цөөрүүлж 19,4 хувьд хүргэжээ.  

-Сэлэнгэ аймгийн Ерөө сумын малчин “Алтан хурга”-ны эзэн Ж.Давааням:Малчин Ж.Давааням тэнгэр хангай ажиглаж, байгалийн шинж тэмдэгээр цаг агаар тодорхойлох ардын уламжлалт аргыг гаргуун сайн эзэмшиж авчээ. Энэ ухаанаа мал маллах арга барилдаа тусгаж, жилийн дөрвөн улиралд малын бэлчээрээ нарийн сайн судалж ашигладаг байна. Тухайлбал  намрын улиралд өвөл, хаврын бэлчээрээ нөөцлөн аль болох тал задгай, өвсний сөльтэй газраар оторлож, малаа бэлчээн тарга хүчийг нь авахуулдаг байна. Үүний зэрэгцээ хадлан тэжээл, хужир шүү зэргийг малынхаа тоо толгойд тохируулан хангалттай базаан авч өвөлд бэлддэг байна.    

Мөн өвөлжөө нь уулын энгэрт, нөмөр ихтэй, салхи, жавар хаасан, бэлчээртээ ойр байдаг бөгөөд бог, бод бүх мал нь багтахаар том хэмжээтэй аж.