Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 99 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-17 15:24:02

Монгол Улсын төрд 44 жил зүтгэсэн БНМАУ-ын баатар, Маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 99 жилийн ой өнөөдөр тохиож байна.

 Энэхүү ойн хүрээнд түүний хөшөөнд ах дүү, хамаатан садан болон МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАХН-ын дэд дарга Ц.Цолмон, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба  нарын албаны хүмүүс цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ, “ Ю.Цэдэнбал  40 гаруй жилийн турш Монголын төрийг удирдаж, цэцэглэн хөгжиж, өөрчлөгдсөн үеийн удирдагч юм. Тухайлбал 20 дугаар зуунд Монгол хүн бичиг үсэгтэй, эрүүл болсон. Тэр үед монголчууд суурин соёл иргэншлийг жинхэнэ утгаар нь эзэмшиж, хот суурин газрыг байгуулсан. Үйлдвэр аж ахуйн газрыг хөгжүүлж, газар тариалан хөдөө аж, ахуйн салбарт цоо шинэ ололт амжилт гаргасан. Тиймээс Ю.Цэдэнбал даргын амьдрал, хийсэн бүтээснийг хойч үедээ үнэн зөвөөр нь  мэдүүлэх ажлыг зохион байгуулна. Түүний амьдралын сүүлийн он жилүүд тийм ч дардан цагаан байгаагүй. Хийж бүтээснийг нь эерэгээсээ сөрөг тал руу хэлмэгдүүлж байсан цаг саяхан. Ирэх жил энэ хүндтэй хүний 100 жилийн ойг тэмдэглэнэ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын гишүүд санаачилан Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг Монголын төрийн түвшинд тэмдэглэх ёстой гэж үзсэн. Үүнийг энэ намрын чуулганаар хэлэлцүүлэх байх” гэлээ.

Харин  МАХН-ын дэд дарга Ц.Цолмон хэлэхдээ, “Ю.Цэдэнбал Монголын хөгжилд  шинэ зам оруулсан хүн.  Ю.Цэдэнбал даргын удирдлаган дор  буюу 1950 оны үед монголчууд бүгд бичиг үсэгтэн болж, ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн. 1940 онд 750 мянга гаруй хүнтэй байсан Монгол Улс 1980-аад оны дундуур хоёр сая хүн амтай болсон. Соёл урлагийн амжилтаараа дэлхийд танигдаж, Дархан, Чойбалсан, Хөтөл зэрэг шинэ хот, аж үйлдвэрийн төвүүдийг бий болгосон гавъяатай хүн. 1940 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг ганцхан орон хүлээн зөвшөөрч байсан бол 1984 он гэхэд дэлхийн 94 улс оронтой дипломат харилцаа тогтоож олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнчлэлээр орсон нь Ю.Цэдэнбал даргын хүч хөдөлмөрөөр бий болсон юм” хэмээн онцлов.

Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзмаа:

-Миний  ахын мэндэлсний 99 жилийн ойг  тэмдэглэж буйд маш их баяртай байна. Бүх ойгоор нь энд ирдэг хүүхдүүд, залуучууд, намын нөхдүүдэд талархаж байна. Тэнгэр хангай ч хүртэл налайгаад сайхан байна. Энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ ажлын амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. 

 Б.Заяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд