Цахилгааны төлбөр өндөр гарсан талаар тайлбар өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн цахилгаан эрчим хүч хэрэглэгчид нэгдүгээр сарын цахилгааны хэрэглээний төлбөр өмнөх саруудынхаас 2-3 дахин их гарлаа хэмээн тайлбар хийхийг иргэд шаардсан юм.
Цахилгаан эрчим хүчээр хангагч “Алтайн Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК "Бид сар бүрийн 20-ны өдөр хэрэглэгчдийн тоолуурын заалтыг авч тооцоо хийдэг байсан. Харин өнгөрсөн 12 дугаар сард жилийн эцэс гээд тайлан тооцоогоо эрт гаргах болсон учир бичилтээ 15-ны өдрөөр тасалбар болгон тоолуурын заалтаа авсан. Өмнө нь тухайн сарын 20-ны өдрөөс дараа сарын 20-ны өдөр хүртэл 30 хоногийн тооцоо бодогддог байсан. Тиймээс нэгдүгээр сарын төлбөр дээр 2018 оны 12 дугаар сарын 5 хоног нэмэгдсэн 35 хоногийн тооцоо учир цахилгааны төлбөр өмнөх саруудынхаас харьцангуй өндөр гарсан" хэмээн тайлбарлалаа.
Түүнчлэн сар бүрийн цахилгаан хэрэглээний төлбөр дээр суурь хураамж 2200 /НӨАТ тооцсон/ төгрөг, МҮОНРТелевизийн хураамж 850 төгрөг, төвийн болон Баяншанд багийн хэрэглэгчдэд хогны хураамж өвлийн улиралд 3000 төгрөг, зуны улиралд 2000 төгрөг нэмэгддэг ажээ.