Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд дронууд ашиглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-02-01 11:08:51

БАНГКОК. /NHK/. Сүүлийн хэдэн сард Тайландын нийслэл Бангкок хотод агаарын бохирдол аюултай түвшинд хүрсний улмаас хотын оршин суугчдад хүнд нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбогдуулан хотын эрх баригчид агаарын бохирдлыг бууруулах шинэ арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ.


Хотын засаг захиргаа пүрэв гарагаас эхлэн ус шүршдэг таван ширхэг дроныг агаарт нисгэж эхэлсэн байна. Тайландын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, цаашид дроны тоог 50 хүргэхээр төлөвлөж байгаа ажээ. Эдгээр дрон нь 10 хүртэлх литр усыг тээн нисч, агаарт шүршдэг байна.


“Бид нөхцөл байдлыг сайжруулна хэмээн найдаж энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж байна” гэж Бангкок хотын дарга Асвин Кванмуанг хэлжээ.


Агаарын бохирдлын улмаас Бангкок хотын 400 гаруй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсооход хүрээд байгаа юм. Хуурай улирал тохиож буйтай холбоотойгоор тээврийн хэрэгсэл болон үйлдвэрээс гарч буй утаа нөхцөл байдлыг улам хүндрэхэд хүргэж байгаа аж.


Өнгөрсөн сард хиймлээр үүл үүсгэн бороо оруулж, ачааны машины хөдөлгөөнийг зохицуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч төдийлөн амжилтад хүрээгүй байна. 

Холбоотой мэдээ