Мянгат малчин Б.Нарангэрэл 1005 сарлаг тоолуулжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-02-04 00:29:34

Архангай /МОНЦАМЭ/. Өндөр-Улаан сумын Бэлхи багийн малчин Балжинням овогтой Нарангэрэл нь 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 1005 сарлаг үхэр тоолуулж, сумын 2018 оны “Шилдэг малчин”, “Мянгат малчин”-ны болзлыг хангаж, шагнуулсан байна.


Б.Нарангарал 19 жил мал маллаж байгаа залуу малчин юм. 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 953 толгой мал тоолуулж байсан бол 2018 оных дээр өссөн дүнгээр ийнхүү тоолуулжээ. Тэрээр сум, багаас зохион байгуулдаг нийгмийн ажилд идэвх, санаачлагатай оролцож, багийн өдөрлөг, шинэ жилийн арга хэмжээнд нийт 700.000 төгрөгийн хандив өгч, мал аж ахуйн салбартаа бусдыг түүчээлж буй нэгэн ажээ.


Архангай аймаг улсдаа малын тоогоороо тэр дундаа үхэр, адууны тоогоороо тэргүүлж байна. Өндөр-Улаан сум оны эцсийн мал тооллогоор 60,7 мянган сарлаг тоолуулж аймагтаа тэргүүлсэн. Харин Ихтамир сум 57,1 мянга, Цэнхэр сум 52,6 мянган сарлагтайгаар дараагийн байруудад орж байна.

Холбоотой мэдээ