УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-02 10:59:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  10.40 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Энэ үеэр Л.Болд гишүүн сар шинийн баяр өнгөрсний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай гэдгийг хэллээ. Мөн тэрбээр АН-ын бүлгээс гарах хүсэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг УИХ-ын даргаас хүссэн юм.

Мөн Т.Аюурсайхан гишүүн ээлжит бус чуулган зарлах саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх Татварын багц хуулийн төслөөс эхлээ олон хуулийг хэлэлцэх шаардлагатай байна. Хаврын ээлжит чуулганаар Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай цаашлаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх ёстой. Тиймээс намрын чуулганаар хэлэлцэх байсан асуудлуудыг хаврын чуулган руу хойшлуулах боломжгүй. Түүнчлэн чуулган завсарлах хугацаанд Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг шинэчлэн байгуулах шаардлагатай” хэмээв.

Харин Ж.Батзандан гишүүн, “УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, хяналтын байгууллагуудын удирдлагуудыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй. Мөн “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах ажлыг нэн даруй шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгох нь чухал” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай. Тиймээс ээлжит бус чуулган зарлаж, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах болно. Мөн гишүүдийг ч тойрогтоо ажиллаж, УИХ-аас баталсан хууль, тогтоолуудыг сурталчилан таниулах боломжийг олгоно. Хуулийн дагуу гишүүн бүлгээсээ гарсныг бүлгийн дарга УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлэх ёстой. Харин УИХ-ын дарга чуулганд танилцуулснаар гишүүнийг бүлгээс гарсанд тооцдог. Одоогоор Л.Болд гишүүнийг бүлгээс гарсан талаар АН-ын бүлгийн дарга албан бичиг ирүүлээгүй байна” хэмээв.

Холбоотой мэдээ