УИХ-ын намрын ээлжит чуулган хаалтаа хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-02 19:33:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийлээ.

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган ажлын 88 өдөр чуулсан байна. Энэ хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган 31, Байнгын болон Дэд, Түр хороод 92 удаа хуралдаж, бие даасан 5, хуульд өөрчлөлт оруулах тухай 25, зээлийн болон гэрээ хэлэлцээр соёрхон батлах тухай 25, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3, нийт 46 хуулийг баталжээ. Мөн УИХ-ын 41 тогтоол хэлэлцэн баталсан болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Тэрбээр, “Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан чуулганы 9 удаагийн хуралдаан хойшилсон ч Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай зэрэг хуулийн хугацаатай, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдол бүхий асуудлаа шийдэж чадсан. УИХ-аас нийгэмд хүлээлт үүсгэсэн, зайлшгүй шийдвэл зохих хөрөнгө оруулалтын болон бусад зардлыг төсөв санхүүгийн боломжтой уялдуулан шийдвэрлэх чиглэлийг тууштай баримталж ажиллаа. УИХ хууль тогтоох бүрэн эрхээс гадна хянан шалгах бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд анхаарч хийж хэрэгжүүллээ. Нийгэм, эдийн засгийн амин чухал зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно” хэмээв.

Мөн тэрбээр удахгүй болох монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын мэндчилгээг ард түмэндээ дэвшүүлж, төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, төр улсаараа элбэг дэлбэг, төрөл садан хотлоороо сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө.

Холбоотой мэдээ