“Умардын урсгал”-ын асуудлаар ЕХ-той тохиролцоонд хүрснийг Меркель мэдэгдэв

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-02-09 12:08:56

БЕРЛИН. /TASS/.  Европын Холбооны /ЕХ/ Хийн удирдамжид нэмэлт өөрчлөлт оруулах болон “Умардын урсгал-2” төслийг хэрэгжүүлэх асуудалд тус холбоотой тохиролцоонд хүрсэн гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгджээ. 


“ЕХ-ны Хийн удирдамжтай холбоотой асуудлын хувьд Герман болон Франц улс хоорондоо нягт хамтран ажилласны ачаар бид тохиролцоонд хүрсэн” гэж Меркель Мали улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейтатай Берлин хотноо хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Үүний зэрэгцээгээр Меркель Германы эрчим хүчний хангамж болон нийлүүлэлтийг төрөлжүүлэх хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэв. “Бид цаашдаа шингэрүүлсэн хийг ашиглана гэж ярилцсан” гэж тэрбээр хэлсэн байна. Байгалийн шингэрүүлсэн хийг хүлээн авахад зориулж дэд бүтцийг хөгжүүлэх асуудлаар хоёрдугаар сарын 12-нд Германы Эдийн засаг, эрчим хүчний яаманд бага хурал зохион байгуулах гэж байгаа тухай тус яамны сайд баасан гарагт мэдээлжээ. Уг бага хуралд АНУ-ын төлөөлөгчдийг урьсан байна.  


Шинэчилсэн Хийн удирдамж нь “Умардын урсгал-2” төслийн хэрэгжилтэд саад болохгүй гэдэг дүгнэлтийг DPA агентлаг хийж байна. Парис болон Берлин ЕХ-ны Хийн удирдамжид нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр харилцан буулт хийсэн хувилбарыг боловсруулсан бөгөөд энэ нь Берлинд уг төслийг хэрэгжүүлэхэд өргөн боломж олгоно. Герман, Францын саналын гол утга учир нь далайн хий дамжуулах хоолойгоос хий хүлээж авах цэг нутаг дэвсгэрт нь оршиж буй улс орон ЕХ-ны Хийн удирдамжид энэ төсөлд ашиглах томьёоллыг сонгох эрхтэйд оршиж байгаа юм. Энэ тохиолдолд “Умардын урсгал-2”-ын хувьд энэ улс бол Герман юм.

Холбоотой мэдээ