Худаг усны асуудал хүнд байгааг иргэд уламжлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-02-14 14:44:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар 2018 оныхоо үйл ажиллагааг тайлагнаж, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор баруун бүсийн сумдад ажиллаж байна. Энэ өвөл аймгийн нийт нутгаар цас ороогүйгээс мал услах асуудал хамгийн хүнд байна. Иймд худаг усны асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөх хүсэлтийг иргэд хамгийн их тавьж байна гэдгийг аймгийн Засаг даргын зөвлөх Ж.Түвшинжаргал хэллээ.


2019 оны улс болон орон нутгийн төсөвт гүний худаг гаргах ажил хангалттай хэмжээнд тусгагдаагүй ч олон талын дэмжлэг тусламжтайгаар хамтран уг асуудлыг шат дараатай шийдвэрлэх болно гэдгээ аймгийн Засаг дарга илэрхийлжээ.

Сүүлийн хоёр жилд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлчээр усжуулалтын чиглэлээр 13 суманд 88 уст цэг,  гүн өрмийн 32 худаг шинээр гаргажээ. Мөн малчид өөрсдийн санаачлагаар 70 гаруй худаг гаргасан байна. Харин Сүхбаатар аймагт худаг шинээр гаргах ажилд зориулж 2019 онд улсын төсөвт хөрөнгө тусгагдаагүй, харин орон нутгийн хөрөнгөөр худаг сэргээн засварлах ажилд цөөн хэдэн төгрөг төсөвлөгдсөн байна.


Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг сумдын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв зэрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг сонсчээ. Мөн сум бүрт иргэдтэй нээлттэй уулзалт, ярилцлага хийж байгаа аж.

Ажлын хэсгийнхэн энэ сарын 13-нд Баяндэлгэр, Түвшинширээ сумдад ажилласан бол өнөөдөр Уулбаян, Мөнххаан сумдад ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ