Холимог тулаанч О.Пүрэв хилийн чанадыг зорилоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-02-15 14:54:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Холимог тулааны спортын шилдэг тамирчин О.Пүрэв дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр өнөөдөр Улаанбаатараас морджээ.


Тэрээр хагас сарын өмнө “АСА Цирк”-т зохион байгуулсан олон улсын холимог тулааны аварга шалгаруулах тэмцээний хамгийн дуулиант оролцогчоор тодорч байсан билээ. Олон нийтийн дунд “Пүрэвийн мухлаг”-ийн эзэн гэдгээрээ танил болсон холимог тулаанч тэмцээний зардлаа олохын тулд шаргуу хөдөлмөрлөж байсан нь олны талархлыг хүлээсэн юм.


“АСА Цирк”-т болсон энэ тэмцээний 57 кг-д О.Пүрэв Казахстаны тамирчин Г.Сагдатовичийг ялсан бөгөөд түүнд Т.Ганболд захиралтай “Алтан дорнод Монгол Корпорейт Хотел” ХХК-ийн хамт олон туслахаар болсон.


Өөрийгөө “Амьдралын төлөө тулалддаг нэгэн” хэмээн тодорхойлсон О.Пүрэв анх удаагаа дэлхийн хэмжээний тэмцээнд хүчээ сорихоор ийнхүү хилийн чанадыг зорилоо.  

Холбоотой мэдээ