“Улаанбаатар өвлийн наадам"-д Буриад, Тува, ӨМӨЗО-ны тамирчид өрсөлдөж байна

Монголын мэдээ | Соёл урлаг
ariunbold@montsame.mn
2019-02-16 16:11:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэх, жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг иргэдэд сурталчлах  зорилго бүхий“Улаанбаатарын өвлийн наадам”  "Скай Резорт" цогцолборт эхэллээ.

Наадмын хүрээнд болох Мөсөн сурын харваа, Мөсний шагайн харваа болон Снөүбоардын УАШТ, Цана, Параглайдинг, Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид, шүүгчид шударга өрсөлдөж, шударга шүүхээ тангараглаж андгай өргөлөө. Эдгээр тэмцээнд дотоодын 800, ОХУ-ын Буриад улсаас 10, Тува улсаас 10, ӨМӨЗО-оос 20 сур харваачид хүрэлцэн ирж цэц мэргэнээ сорьж байна.


Мөн үндэсний урлагийн тоглолт, шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авирах, гэр бүлийн буухиа, олс татах тэмцээн зохион байгуулагдах юм.


Наадмыг үзэх сонирхолтой иргэдэд "Ulaanbaatar City Tour" буюу хотын аяллын автобус Д.Сүхбаатарын талбайгаас “Скай ресорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагт, “Скай ресорт” цогцолбороос Сүхбаатарын талбай чиглэлд 12:00, 14:00, 16:00, 19:30 цагт үнэ төлбөргүй үйлчилж байна.


Дашрамд дурдахад, Монгол Улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Бүргэдийн баяр, Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй юм.

Холбоотой мэдээ