Барилгын мэргэжлийн байгууллагууд ШУТИС-тай хамтран ажиллах ёстойг онцлов

Монголын мэдээ | Боловсрол
192@montsame.mn
2019-02-18 18:49:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан яамны газрын дарга удирдлагуудын хамт өнөөдөр ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн ажилтай танилцлаа.

Тэрээр ШУТИС Барилгын судалгаа, зураг төслийн хэлтэс болон Барилгын төв лабораторитой хамтран ажиллах ёстой гэдгийг онцлоод, “Энэ оноос эхлэн “Барилгын хөгжлийн төв”-ийн дэргэд “Барилгын салбарын судалгаа, зураг төслийн хэлтэс” байгуулаад байна. Мөн өмнө нь орлогоороо ажилладаг байсан “Барилгын төв лаборатори”-ийг энэ оноос улсын төсвөөс санхүүжүүлдэг болгон өөрчилсөн. Лабораторид тоног төхөөрөмж байлаа ч мэргэжилтэн дутаж байгаа. Тиймээс Барилга архитектурын сургуулийнхан энэ лабораторитой цаашдаа хамтарч ажиллах ёстой” хэмээн тэмдэглэж байв.

Сайд Х.Баделхан цааш хэлэхдээ, “БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг өргөтгөж байна. Мөн АХБ-ны санхүүжилтээр хэд хэдэн аймгийн төвд цэвэрлэх байгууламж барихаар болсон”-ыг танилцуулаад, ингэснээр гурван жилийн дараа манай улсын хүн ам төвлөрсөн томоохон суурингуудын цэвэрлэх байгууламж бүрэн шинэчлэгдэж дуусах юм. Иймд эдгээрт ажиллах мэргэжлийн хүмүүсийг ШУТИС одооноос бэлтгэн, шинэ анги нээх шаардлага байгааг онцолсон юм.

БХБ-ын сайд Х.Баделхан ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ уг сургуулийг төгсөж байснаа дурсан оюутнуудтай ярилцсан юм.


Тодруулга: Манай улс 2029 он гэхэд барилгын салбарт хэрэглэдэг материалын 90 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр хэрэгцээт материалын 60 орчим хувийг дотооддоо хангаж байна. Одоогийн байдлаар барилгын салбарт нийт 95 мянга гаруй ажлын байр бий болоод байгаагийн дийлэнх буюу 78.6  мянга нь барилга угсралт, 14 мянга нь барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж, жил бүр 13 мянга орчим суралцагч, мэргэжилтэй ажилтан хүч сэлбэж байна. Манай улсад мөн өнөөдрийн байдлаар 96 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж, нийтдээ 155.200 оюутан суралцаж байгаагийн 7366 нь барилгын салбарын мэргэжлийнх байгаагаас 54 хувь нь буюу 4000 орчим нь ШУТИС-ийн Барилга архитектурын сургуульд суралцаж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр 

 

 

Холбоотой мэдээ