“Зика” вирусийн халдварыг Кубад авсан анхны тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-16 14:51:23

ГАВАНА. /TASS/. “Зика” вирусийн халдварыг Куба улсад авсан анхны тохиолдол илэрчээ. Энэ тухай Кубын телевиз тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээс иш татан уламжилсан байна.

Үүнээс өмнө гуравдугаар сард өөр улсад халдвар авсан дөрвөн тохиолдол Кубад бүртгэгджээ.

Гадагш зорчоогүй Кубын 21 настай эмэгтэй гуравдугаар сарын 7-нд бие нь тавгүйрхэж, толгой нь өвдөж, нүдний салст бүрхэвч нь үрэвссэн байна. Тэрбээр хоёр хоногийн дараа эмчид хандсан бөгөөд цуснаас нь авсан шинжилгээгээр “Зика” вирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаар уг эмэгтэйг эмнэлэгт хэвтүүлсэн байна.

Халдвар авсан өөр дөрвөн хүний гурав нь Венесуэлд зорчоод ирсэн Кубын мэргэжилтнүүд бол нэг нь Кубад суралцахаар ирсэн Венесуэлийн иргэн аж.

Халдварын шинэ тохиолдлуудаас урьдчилан сэргийлэхийн тулд Кубын Эрүүл мэндийн яам зөвлөсөн арга хэмжээнүүдийг чанд сахин мөрдөхийг ард иргэддээ дахин уриалсан байна.

Сүүлийн долоо хоногуудад Кубад “Зика” вирусийн нянг тээгч шумуултай тэмцэх томоохон кампанит ажлыг өрнүүлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ