Зүүнбаянд алба хааж буй цэргүүдээ эргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-02-20 23:11:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгаас хугацаат цэргийн алба хааж байгаа эрчүүдээ жил бүр аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын бүрэлдэхүүн эргэж гарын бэлэг гардуулан, гэр бүлээс нь явуулсан илгээмж, захидал тэргүүтнийг хүлээлгэн өгдөг уламжлалт ажлаа өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулав.

Энэ жил өргөн бүрэлдэхүүнтэйгээр цэрэг эрсээ эргэсэн байна.

Тодруулбал Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Цэргийн штаб, сумдын Засаг даргын Тамгын газар, эцэг эхийн төлөөлөл хамтран Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 336 дугаар ангид цэргийн алба хааж байгаа эрчүүдээ эргэсэн байна.

Иргэдэд батлан хамгаалах салбарын мэдээ мэдээллийг ил тод нээлттэй хүргэх, Иргэн- цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн анги салбарын үйл ажиллагаатай хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхнийг танилцуулах зорилготойгоор тус ажил явагдсан бөгөөд цэргүүд тэсвэр тэвчээр, дасан зохицох чадвар, зуны аагим халуун, өвлийн тэсгэм хүйтнийг үл ажран эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй амжилттай биелүүлж байгаа гэдгийг тус ангийн захирагч уулзалтын үеэр онцолжээ.

Хугацаат цэргийн албан үүргээ нэр, төртэй хааж, сурлага, сахилгаараа хамт олноо хошуучилсан найман цэргийг сайшаан “Ангийн байлдааны туг”-ийн дэргэд зураг авахуулах эрхээр шагнаж дурсгал болгон хадгалуулсан аж.


Холбоотой мэдээ