Төлөөлөн хэрэгжүүлж, хамтран ажиллах гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-20 16:32:28

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин сумдын Засаг дарга болон ерөнхий боловсролын сургуулийн  захирал, цэцэрлэгийн эрхлэгчтэй 2019 онд төлөөлөн хэрэгжүүлж, хамтран ажиллах гэрээг хоёрдугаар сарын 20-нд  байгуулав.

Гэрээнд аймаг орон нутгийг хөгжүүлэх 2019 оны Үндсэн чиглэлд тусгасан ажлыг боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг  нийгмийн бүх салбарт хэрэгжүүлэх, төлөвлөсөн ажлыг  чанартай, шуурхай, идэвх зүтгэл гарган үр дүнтэй зохион байгуулах талаар тусгасан байна.

Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын стандартад анхаарах, мэргэжлийн чиг баримжаа олгох, монгол сэтгэхүйг эзэмшүүлэх,төрийн албаны хууль тогтоомж, стандарт ёс зүйн хэмжээг чанд сахих, сахилга хариуцлагыг сайжруулах зэрэг олон ажлыг сум, агентлагийн дарга нар хэрэгжүүлж ажиллана.

Засаг дарга Т.Энхтүвшин ”Энэ жилийн үр дүнгийн гэрээ онцлогтой. Монгол Улсын Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан.Үүний дагуу төрийн байгууллагын үйл ажиллагааг хүнд суртал гаргалгүй иргэдэд хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог илүү сайжруулах шаардлагатай.

Төрийн байгуулага хооронд багаар ажиллах, мэдээлэл солилцох, хамтарч ажиллах, мэдээлэл хуваалцах нэгнээ дэмжих хандлага тааруу байна. Тиймээс энэ асуудалд анхаарч ажиллах нь зүйтэй. Мөн 2019 оныг Дорноговь аймаг “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан.

Жилийн ажлын хүрээнд гэр бүл хүүхэд залуус, ахмад настнуудад чиглэсэн олон талт сургалт семинар бусад үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Дорноговь аймгийн сумдуудад томоохон бүтээн байгуулалт өрнүүлнэ. Та бүхэн өөрсдийн холбогдох ажил, чиг үүргийн дагуу идэвх зүтгэл санаачилга гаргаж ажиллаарай” гэв.

Дорноговь аймаг 2018 онд элсэлтийн шалгалтын дүнгээр улсын хэмжээнд тавдугаар байрт жагссан, өрсөлдөх чадварын үнэлгээгээр мөн л дөрөвт орсон, эдийн засаг ес орчим хувиар өссөн гээд нийгмийн хөгжилд ахиц дэвшил гарсан байна. 


Холбоотой мэдээ