Италийн эрэгт 2400 гаруй дүрвэгчийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-17 10:32:35

РОМ. /Reuters/. Италийн шуурхай алба Тунисын хоолойд явуулсан ажиллагааны явцад сүүлийн хоёр өдөр 2400 гаруй дүрвэгчийг аварсан байна. Энэ тухай тус улсын эргийн хамгаалалтын газар мэдээлжээ.

Италийн эргийн хамгаалалтын газрын явуулсан 12 дахь удаагийн ажиллагааны явцад лхагва гарагт тус улсын Тэнгисийн цэргийн хүчний болон Норвегийн хөлөг онгоцууд 1467 хүнийг аварсан бол нэг өдрийн өмнө 951 дүрвэгчийг аварчээ. Шуурхай албаны ажиллагааны явцад мөн амиа алдсан гурван хүний цогцсыг далайгаас гаргаж авсан байна. Аварсан хүмүүс аль улсын иргэд болох нь одоогоор тодорхойгүй байна.

Дүрвэгсдийг олноор аварсан тухай мэдээлэл энэ сарын 17-18-нд Брюссель хотод болох Европын Холбооны /ЕХ/ дээд хэмжээний уулзалтын өмнө гарч байгаа юм. Уг дээд хэмжээний уулзалтын үеэр дүрвэгсдийн хямрал болоод түүнтэй тэмцэхэд Турк улстай хамтран ажиллах талаар хэлэлцэх төлөвтэй байна.

ЕХ-ны хилийн “Frontex” агентлагийн мэдээлснээр, тус холбооны орнуудад өнгөрсөн онд 1.8 сая цагаач, дүрвэгч иржээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ