Мадурогийн хувь заяаг шийдэх 3 хувилбар

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-02-25 16:51:53

АНУ болон барууны орнууд Хуан Гуаидо бол Венесуэль улсын хууль ёсны удирдагч мөн хэмээн хүлээн зөвшөөрсний дараа үйл явдал цаашид хэрхэн өрнөх вэ гэдэг талаар Аргентины La Nación сонины тоймч Андрес Оппенгеймер таамаглал дэвшүүлжээ. Тэрбээр ирээдүйн нөхцөл байдлын талаар 3 үндсэн хувилбарыг дэвшүүлсэн бөгөөд Орос, Хятад хоёрын дэмжлэгээр одоогийн Ерөнхийлөгч Мадуро засгийн эрхийг дахиад олон жил барина гэж таамагласан байна. Гэхдээ тус хоёр улсаас санхүүгийн томоохон дэмжлэг авна гэж Мадуро найдах хэрэггүй гэдгийг дурджээ.    


Ингээд дээрх 3 хувилбарыг тайлбарлахын өмнө хамгийн сүүлд болж өнгөрсөн үйл явдлуудыг сануулан дурдая. Венесуэлийн улс төрийн хүчнүүдийг хэлэлцээний ширээний ард суулгахын тулд Мексик ба Уругвай улсын  хамтран байгуулсан Олон улсын холбоо барих бүлгийн хүчин чармайлт амжилтад хүрэх эсэх нь эргэлзээтэй. Х.Гуаидо саяхан надад ярилцлага өгөх үеэрээ “Мадуротай дахиад л худал хуурмаг яриа хэлэлцээ хийх сонирхол алга” гэж хэлж байсан юм. Сүүлийн хэдэн жилд Мадуро дор хаяж 4 удаа сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийсэн бөгөөд энэ нь юуны өмнө цаг хожих, улмаар дэлхийн олон нийтийн анхаарал өөр асуудал руу шилжих тэр үед улс төрийн өрсөлдөгчдөө өргөст торны цаана суулгах зорилготой байв.   


Харин энэ удаад шилжилтийн засгийн газар чөлөөт сонгууль зарлахаас өмнө Мадуро огцрохоос аргагүйд хүрч магадгүй гэж Гуаидо надад ярьсан юм. Түүнээс гадна, Мексик, Уругвай хоёр улс бол “төвийг сахисан орнууд” биш ээ. Тус хоёр улс Мадурог Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрсөн хэвээр байгаа. Нөгөөтэйгүүр, Герман, Франц, Их Британи, Испани, Австрали, Канад, Бразил, Аргентин болон барууны ардчилсан улсуудын ихэнх нь Гуаидогийн засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн билээ.  


Ингээд үйл явдал цаашид хэрхэн өрнөх вэ гэдэг тухайд 3 боломжит хувилбарыг авч үзье.


Эхний хувилбар: Олон улсын ажиглагчдыг байлцуулан чөлөөт сонгууль явуулахыг Мадуро зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ. Худалдааны хоригийн улмаас Венесуэлийн нефтийн экспорт зогсож, хил дээр бөөгнөрсөн олон улсын хүмүүнлэгийн тусламжийн цувааг нэвтрүүлэхийг шаардсан венесуэльчүүд улам олноороо гудамжинд гарч жагсаж буй энэ үед цэргийнхэн чөлөөт сонгууль явуулахыг Мадурогоор зөвшөөрүүлж магадгүй.   


Ийм нөхцөл байдал Никарагуа улсад 1990 оны сонгуулийн өмнө, Филиппинд 1980-аад оны үеэр бий болж байв. Мадуро өөртөө болон генералууддаа ашигтай байдлаар тохиролцоонд хүрч, чөлөөт сонгуульд ялагдсаныхаа дараа Куба руу явна. Тэнд очоод шинэ амьдралыг эхлүүлж, телевизийн “Телесур” сувгийн шоуны хөтлөгч болно. Тэрбээр бөмбөр цохиж, дуулж бүжиглэн, Америкийн империализмыг хараан зүхнэ. Үйл явдал ийм байдлаар өрнөх магадлал 50 хувьтай байна.


Хоёрдахь хувилбар: Мадуро засгийн эрхийг удаан хугацаанд барина


Орос, Хятад хоёрын дэмжлэгтэйгээр Венесуэлийн дарангуйлагч засгийн эрхэнд тогтоод байх боломжтой. Кубад болсонтой нэгэн адилаар Венесуэльд хүмүүнлэгийн хямрал улам даамжирсны улмаас олон сая иргэд улс орноосоо гарч явна. Ингэснээр Мадуро өмнөхөөс цөөн тооны хүмүүсийг хоол хүнсээр хангах хэрэгтэй болох ба тэдний ихэнх нь ядууралд автсан төрийн албан хаагчид юм. Засгийн газраас олгох хүнсний талоны тусламжтайгаар тэднийг амархан хянаж болно.  


Харин Мадурогийн буруугаас үүдэн өлсгөлөн нүүрлэж, хэдэн сая венесуэльчүүд Бразил, Колумб руу явцгаах бөгөөд ийм ачааллыг тус хоёр улс удаан тэсч чадахгүй. Үүний сацуу Орос, Хятад хоёр Мадурод санхүүгийн томоохон тусламж үзүүлэх нь юу л бол. Үйл явдал ийм байдлаар өрнөх магадлал 30 хувьтай байна.  


Гуравдахь хувилбар: Америкийн цэргүүд эсвэл олон үндэстний цэргийн хүч Венесуэльд цөмрөн орно


1980-аад оны сүүлчээр Панамд болсон хэрэг явдалтай төстэйгөөр Америкийн шүүхээс Мадуро болон түүний генералуудад “хар тамхи наймаалсан” хэрэг тулгасны дараа Америкийн цэргүүд Венесуэльд цөмрөн орно. Эсвэл Орос, Куба хоёр Карибын Гренада арлыг эзлэн авсан гэх шалтгаар 1980-аад оны үед АНУ Гренада руу халдан довтолсонтой нэгэн адилаар Америкийн цэргүүд Венесуэль рүү дайрна. Тухайн үед Панамын арми 21 мянган цэрэгтэй, Гренадагийн арми 2 мянган цэрэгтэй байжээ. Харин Их Британийн Стратегийн судалгааны олон улсын хүрээлэнгийн мэдээллээр, Венесуэлийн арми 351 мянган цэрэгтэй ажээ. Зарим шинжээчдийн тооцоолсноор, Венесуэль рүү халдан довтолсон тохиолдолд АНУ 100 мянга гаруй цэргээ алдана.

Эсвэл 1965 онд Доминиканд, 1992 онд Боснид ПанАмерикийн цэргийн хүч ба НҮБ-ын цэргийг илгээж байсны нэгэн адилаар Венесуэльд цэрэг илгээж магадгүй юм. Гэвч Латин Америкийн орнуудын ихэнх нь иймэрхүү ажиллагаанд оролцохыг хүсэхгүй. Түүнчлэн Орос, Хятад хоёрын зүгээс Венесуэльд халдан довтлохыг зөвшөөрсөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн аливаа тогтоолд хориг тавих болно. Үйл явдал ингэж өрнөх магадлал 20 хувьтай байна.   


Харин олон улсын зүгээс авсан улс төр, дипломатын болон эдийн засгийн хориг арга хэмжээнүүд улам чангарч байгаа нь Мадурогийн хууль бус дэглэмийг засгийн эрхнээс зайлуулах боломжийг бодитойгоор бий болгоно. Олон улсын зүгээс шахалт чангарсаар байгаа нөхцөлд Мадуро өөрөө огцорч магадгүй.


Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалж: https://inosmi.ru/politic/20190214/244576028.html

 

 

Холбоотой мэдээ