Германы эдийн засаг зогсонги байдалд орсны гадаад ба дотоод шалтгаанууд

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-02-26 16:04:57

Европын хамгийн том эдийн засагтай улс болох Германд зогсонги байдлын шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн ба тус улсын эдийн засаг 4 улирал дараалан бараг өссөнгүй. 2009 онд Европт өрийн хямрал дэгдэх үед ч, түүнээс хойш ч гэсэн Германы эдийн засаг тогтвортой байсаар ирсэн, гэтэл Грек, Франц хоёр хямралаас гарч сэргэж буй энэ үед германчуудад зарим бэрхшээлтэй асуудал тулгарч байгаа тухай Хятадын “Хуанжю шибао” сонины тоймч Жао Зюньжэ бичжээ.  


Германы эдийн засаг зогсонги байдалд ороход ямар шалтгаан, хүчин зүйлүүд нөлөөлсөн бэ? Гадаад шалтгаан гэвэл, юуны өмнө, Их Британи улс Европын Холбооноос гарсан нь Германы экспортод нөлөөлснийг хэлэх нь зүйтэй. Герман бол Их Британийн хувьд худалдааны хамгийн том түнш нь бөгөөд британичууд ЕХ-ноос гарахаар зэхэж байгаа нь хоёр орны худалдаанд аль хэдийнэ нөлөөлөөд эхэлжээ.


Германы Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн хийсэн тооцоогоор, Их Британи ЕХ-ноос гарсан тохиолдолд үр дагавар нь “аймшигтай” байх бөгөөд Их Британид экспортолж буй Германы бараа бүтээгдэхүүний хэмжээ даруй 57 хувиар буурах аж. Хоёрдахь гадаад шалтгаан бол АНУ-ын зүгээс Хятад болон Европын орнууд, түүнчлэн хөгжиж буй орнуудын эсрэг явуулж буй худалдааны дайн юм. Энэ дайн нь Германы гадаад худалдааны ашгийг 2018 онд өмнөх онтой харьцуулахад 8,1 хувиар буурахад хүргэсэн байна.  


Харин Германы эдийн засгийг зогсонги байдалд ороход хүргэсэн дотоод шалтгаануудыг дурдвал: Юуны түрүүнд, өрийн хямралын үед Германы засгийн газар зардлыг бууруулах бодлогыг удаан хугацаанд хэрэгжүүлж ирсэн нь дотоодын хэрэглээг хязгаарлаж,  эрэлтийг бууруулсан байна. Хоёрдугаарт: нийгмийн салбарын зардал хэт өндөр байсан нь засгийн газрын зүгээс шинэ бодлого хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байлаа. ДНБ-ний 30 хувийг хүн амын хөгшрөлттэй тэмцэх, цагаачдын асуудлыг шийдвэрлэхэд зориулагдаж байв. Гуравдугаарт: эдийн засгийн даяаршлын шинэ үе шат ба аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын өмнө автомашины үйлдвэрлэл, барилга, эрчим хүч зэрэг салбарт шинэчлэл хийсэн нь нөлөөлсөн. Ялангуяа автомашин үйлдвэрлэлийн салбарт мэдэгдэхүйц бууралт ажиглагдлаа. Түүнээс гадна, Германы жижиг, дунд бизнесийн салбарынхан олон шинэ сорилтуудтай тулгарч байна.      


Европын хамгийн том эдийн засагт уналт болох аваас зөвхөн таагүй зүйлүүд тохиох нь мэдээж. Эдийн засаг зогсонги байдалд орсон энэ үед А.Меркель Европын улс төрийн тавцнаас алгуурхнаар холдон явж байна. Ингэснээр Германы улс төр ба Европын интеграцийн ирээдүйн төлөв бүр ч тодорхойгүй болжээ.

Ойрын үед Германд “технологийн уналт” болох уу үгүй юү гэдэг нь гурван зүйлээс хамаарах болчихоод байна. Эдгээр нь ажиллах хүч, капитал ба технологийн салбар дахь инноваци юм. Одоохондоо боловсруулах аж үйлдвэр ба дотоодын эрэлтийн ачаар Германы эдийн засаг тогтвортой байгаа юм. Хүн ам хөгширч байгаагийн улмаас ажиллах хүчин дутагдах байдал ажиглагдаж байгаа боловч ажил эрхэлж буй хүмүүсийн эзлэх хувь өндөр хэвээр байгаа төдийгүй цалин хөлс нэмэгджээ. Үүний дүнд ойрын үед дотоодын эрэлт нэмэгдэж эхэлнэ. Зардлыг бууруулах бодлого нь эрсдэл учруулж байгаа гэдгийг Германы засгийн газар ойлгож мэдэрч байгаа бөгөөд бодлогоо зөөлрүүлэх талаар арга хэмжээ авсаар байна.  Хөрөнгийн зах зээл болон инновацийн салбарт Герман улс өөрт буй давуу талуудаа алдаагүй учраас тус улс зогсонги байдлаас гарч чадна гэж үзэх үндэслэл бий. Харин зогсонги байдлаас гарахад 2019 он бол шийдвэрлэх жил юм. 


Орчуулсан Б.Адъяахүү


Эх сурвалжууд: https://inosmi.ru/economic/20190225/244631414.html

http://opinion.huanqiu.com/hqpl/2019-02/14322234.html?agt=7356

Холбоотой мэдээ