Зөвхөн хотод хийдэг мэс ажилбаруудыг Өвөрхангай аймагт хийдэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-28 22:38:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төсөл Өвөрхангай аймагт хэрэгжиж эхэллээ.

Тус төслийг Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ санаачлан Эрүүл мэндийн яам, Өвөрхангай аймгийн ЭМГ, БОЭТ-тэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Арвайхээр хотноо болж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй албаныхан оролцлоо.

Орон нутгийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж сайн туршлага, шинэ инновацийг орон нутгийн эмчилгээнд нэвтрүүлэх зорилготой уг төслийн хүрээнд ГССҮТ-ийн гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нар Өвөрхангай аймагт он гарсаар хоёр удаа ирж ажилласан юм. Энэ үеэр 600 гаруй өвчтөнд үзлэг, оношилгоо хийж, гэмтлийн төлөвлөгөөт хагалгааг 42, яаралтай хагалгааг 9 хүнд хийсэн байна.

Аймгийн БОЭТ нь ГССҮТ-ийн эмч нартай хамтарч:

-       Гэмтлийн гаралтай тархины мэс засал

-       Түнх, өвдөгний үе солих мэс засал

-       Өвдөг, мөрний дурангийн оношилгоо, мэс засал

-       Арьс нөхөх мэс засал

-       Хөлдөлт, түлэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээ

-       Хүүхдийн согог засал зэрэг эмчилгээ, оношилгоог шинээр нэвтрүүлж байна.

Цаашид осол, гэмтэл өндөр гардаг Арвайхээр, Нарийнтээл, Хужирт, Хархорин, Уянга сумдад цогц арга хэмжээ авах, сумын ЭМТ-ийн яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах зэргээр төлөвлөгөө гарган ажиллах юм. Төслийн үр дүнд БОЭТ-д шинэ техник технологи нэвтрүүлж, зөвхөн хотод хийдэг мэс ажилбаруудыг нутагшуулан гэмтэл бэртэлийг цаг алдалгүй оношлон эмчлэх боломжтой болно.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсоноос гадна ЭМГ, БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, мөн аймгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт, зөвлөлгөөн хийлээ. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаа сайн байгааг сайшаан тэмдэглэж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Тухайлбал, БОЭТ-д нэн яаралтай байгаа хоёр аппаратын санхүүжилтыг олгохоор болж, багаараа гадаад, дотоодын сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ