УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Улаангом сумын иргэдтэй уулзалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-03-04 12:26:49

Увс /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн энэ сарын 1-нд Улаангом сумын иргэдтэй уулзаж, намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан хууль тогтоомж, улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн өнөөгийн байдал, УИХ болон Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг өгч, тэдний сонирхсон асуултад хариулж, санал хүсэлтийг нь сонслоо. 

Уулзалтад аймгийн удирдлагууд оролцож, 2018 онд аймагтаа хийж хэрэгжүүлсэн ажил болон 2019 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм.

Энэ онд Улаангом хотноо "Ойрад" театрын барилга 6.8 тэрбум төгрөгөөр, Усан бассейн, спорт фитнессийн барилга 4.1 тэрбум, 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилга 5 тэрбум, 300 ортой Оюутны дотуур байрны барилгын ажлыг 4.4 тэрбум төгрөгөөр тус тус барих бөгөөд он дамжин хийх аж. Тэрчлэн Баруун бүсийн ахмадын асрамжийн газрын барилгын их засвар, Гиваан баатрын талбайн тохижилт, 1-р багт сургуулийн дотуур байрны барилгын их засвар, 2-р багт 150 ортой цэцэрлэгийн барилгын ажил, 3-р багт нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, 7-р багт 50 ортой цэцэрлэгийн барилгын өргөтгөл зэрэг ажлыг энэ ондоо багтаан хийж гүйцэтгэх юм байна. Үүнээс гадна Улаангом сумын дөрвөн багт гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг хийх аж.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өнгөрсөн сарын 23-наас эхлэн өөрийнхөө тойрог болох Тэс, Сагил, Давст, Цагаанхайрхан, Зүүнговь, Баруунтуруун болон Улаангом сумын дөрвөн багт ажиллаад буцлаа. Тэрбээр, жил бүр ийнхүү аймагтаа ажиллаж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгдөг юм.

Холбоотой мэдээ