“Алтан хальс” олон улсын кино наадмын монгол бүтээлийн бүртгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/.
"Монголын кино институт", "iCinema", "Улаанбаатар паспорт" хамтран
“Алтан хальс” Олон улсын VII кино наадмыг ирэх
зургадугаар сарын 4-8-ны хооронд зохион байгуулна.
2013 онд өнөөгийн "Монголын кино
институт"-ын дэд тэргүүн Ш.Ихбаяр Монголын андерграунд кино уралдаан нэрээр уг
наадмыг санаачлан хэрэгжүүлж байв. Түүнээс хойш Монголын хоёр дахь том кино
наадам болоод буй билээ. Энэхүү наадам нь монголын үзэгчдэд арт киног таниулах, уран
бүтээлчийг гадаад уран бүтээлчээс урам зориг авч хөгжих боломж олгох, кино урлагт
шинэ давалгааг түүчээлэх зорилготой.
Энэ удаагийн наадам уралдаант хэсэг, мастер класс, бүрэн хэмжээний киноны үзвэр зэргээс бүрдэх юм. 2013-2018 онд нийт 60 гаруй орны 1622 олон улсын болон Монгол богино бүтээл бүртгэснээс 184 нь уралдаант хэсэгт сонгогдож 37 нь тус кино наадмын шагнал хүртэж байв.
Уралдаант хэсэгт ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл "Хүүрнэлт, Баримтат, Хүүхэлдэйн, Эксперименталь" кино төрөлд богино хэмжээний кино бүтээлийг хүлээн авах юм. Наадмын "Шилдэг монгол" бүтээлд Г.Жигжидсүрэнгийн нэрэмжит дээд шагналыг олгоно. Уг шагналын эзэнд “Global Smart Solution” компани 10 сая төгрөгийн үнэтэй мэргэжлийн ARRI Alexa Classic EV 1 сет камерын болон “Cineplus” компани 3 сая төгрөгийн үнэтэй мэргэжлийн гэрэлтүүлгийн хэрэгслийн бүрдэл 7 хоногийн түрээсийн эрх гардуулах аж.
Түүнчлэн Шилдэг Монгол хүүрнэлт кино, Шилдэг олон улсын хүүрнэлт кино, Шилдэг Монгол баримтат кино, Шилдэг олон улсын баримтат кино, Шилдэг Монгол хүүхэлдэйн кино, Шилдэг олон улсын хүүхэлдэйн кино, Шилдэг Монгол эксперименталь кино, Шилдэг олон улсын эксперименталь кино гэсэн төрөлд бүтээлүүдийг тодруулж 250-500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.