Эко шахмал түлш утаа багасгадаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасаны дагуу “Төлөөлөгчдийн өдөр” зохион байгуулж, “Ховд Номин шилтгээн” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.
Тус шахмал түлшний үйлдвэр нь нунтаг нүүрсээр утаа бага ялгаруулж, дулаанаа сайн хадгалдаг, сайн чанарын шахмал нүүрс үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэн, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, агаарын бохирдлыг бууруулах, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах зорилгоор 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйлдвэрийн гол түүхий эд нь Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайн түүхий нунтаг нүүрс юм. Хүйтний улиралд энгийн зууханд 3,5-4 тонн түүхий бүхэл нүүрс түлдэг айл өрхүүд эко шахмал түлш түлснээр 1,5-2 тонн нүүрс хэрэглэж, нүүрсний хэмнэлт гарган утааг багасгадаг аж.