Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвд 21 иргэн асран хамгаалуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-14 17:42:32

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвд одоогийн байдлаар 21 иргэн асран хамгаалуулж байна. 

Төрийн банкны хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, тэнд амьдарч байгаа асруулагч иргэдтэй уулзан, гарын бэлэг гардуулжээ. 

  

Тус төв  нь хоол хүнсээр үйлчлэх, асаргаа, сувилгаа хийх, эрүүл мэнд, нөхөн сэргээх үйлчилгээ, хөгжлийн үйлчилгээ гэсэн 4 үндсэн чиглэлээр ажилладаг. 

Тодруулбал, Асруулагчдад стандартын дагуу өдөрт 4 удаа, 15 нэр төрлийн хоол хүнсээр үйлчилдэг байна. Хоолны цэсийг 14 хоног тутамд асруулагчдын саналд тулгуурлан килокалорыг тооцож шинэчилдэг бөгөөд зуны улиралд сүү, тараг, цагаан идээг түлхүү хэрэглэдэг байна. Мөн шинэ жил, цагаан сар, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баяр зэрэг тэмдэглэлт өдрөөр тусгай цэс боловсруулж үйлчилдэг гэнэ.

Асаргаа, сувилгааны хувьд, хэвтрийн асруулагчдыг усанд оруулах, хооллох, бүх асруулагчдын хувцас солих, угаах, үс хумсыг нь авах зэрэг өдөр тутмын асаргаа сувилгааг үзүүлдэг байна.

Харин эрүүл мэнд, нөхөн сэргээх үйлчилгээний хүрээнд өдөр бүр асруулагчдын даралт үзэж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Асаргаатай  иргэдийг цоорлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх, бумба тавих, иллэг хийх, массажны сандал, нуруу хөлний массажны аппарат зэрэг тоног төхөөрөмжүүд дээр нөхөн сэргээлтийн эмчилгээнүүдийг тогтмол үзүүлдэг.  

Түүнчлэн асруулагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд урам зориг өгөх, хөгжүүлэх, идэвх  санаачилгатай байлгах зорилгоор өөрсдийнх нь чадварт тохирсон бүтээл хийлгэх, караокед дуу дуулуулах, мэдээ, кино жүжиг үзүүлэх,  бичиг, үсэг, тоо заах,  сүүлийн үеийн ном сэтгүүл уншиж өгөх, уншуулах, олон нийтийг хамарсан урлаг соёлын үйл ажиллагаанд оролцуулж, үзвэр үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийнх нь талаар дурсамж яриа өрнүүлэх зэргээр хөгжүүлдэг байна.  

Холбоотой мэдээ