Аж ахуйн нэгж байгууллагын телекамерыг Цагдаагийн газрын нэгдсэн системд холбоно

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-03-14 17:21:17

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуй нэгж, байгууллага /ААНБ/-ын телекамерыг Цагдаагийн газрын нэгдсэн системд холбох ажлыг аймгийн Цагдаагийн газар санаачлан, Баруун-урт сумын ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд ААНБ-ын төлөөллүүдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг хийж, санал солилцлоо. Уг ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөжээ.

2018 онд аймгийн хэмжээнд 338 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 70-80 хувь нь Баруун-Урт суманд үйлдэгдсэн бөгөөд нийт гэмт хэргийн 30-40 хувь нь нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжинд гарсан байна.

“Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, бууруулах тал дээр онцгойлон анхаарч ажилладаг ч илрүүлээгүй хэргүүд цөөнгүй байдаг. Тэгэхээр ААНБ-ын телекамерыг цагдаагийн байгууллагын нэгдсэн системд холбох нь нэн чухал. Үүнийг дагаад олон үр дүн бий болох юм. Манай аймаг 21 аймаг дундаа камержуулалт хийгээгүй ганц аймаг. Үүнийг шийдвэрлүүлэхээр аймаг орон нутгийн удирдлагууд Хууль зүйн яаманд удаа дараа хандсан боловч дорвитой шийд ирээгүй. Тиймээс эхний ээлжинд бид өөрсдийн хэмжээнд шийдье гээд аймаг болон сумын Засаг даргад санал тавьсан. Эхний үр дүнд дэд бүтцийн 20 сая төгрөгийн асуудлыг шийдүүлээд байна. Харин одоо ААНБ-ууд бидний үйл ажиллагааг дэмжиж, гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцож өөрсдөө гаднах камераа авах ёстой. ААНБ-ын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, цаашлаад ямар байдлаар хамтарч ажиллах боломжтой вэ гэдэг талаар хэлэлцэж байна” гэдгийг аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч О.Батзориг хэллээ.

Баруун-Урт сумын ГХУСЗЗ, ИТХ, ЗДТГ, аймгийн Цагдаагийн газартай хамтран уг хэлэлцүүлгийг хийжээ.  

“Хэлэлцүүлэгт Баруун-Урт сумынх хэмжээнд гол зам дагуу үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудын дарга, эрхлэгч нар оролцож байна. Гэмт хэрэг гарсны дараа биш яг гэмт хэрэг үйлдэгдэж байх үед газар дээр нь ирж, арга хэмжээ авах боломжтой дохиоллын системийг хамт шийдвэрлэвэл илүү үр дүнтэй ажил болно гэх саналыг ААНБ-ын төлөөллүүд хэлж байна. Энэ нь боломжтой ч бас л нөгөө эдийн засагтай холбоотой. Энэ удаагийн ажлыг хэрэгжүүлэхэд тавигдах гол шаардлага нь ААНБ-ууд Стандартчилал, хэмжилзүйн газраас тогтоосон стандартад нийцсэн камертай байх ёстой. Үүнд нэг байгууллагаас ойролцоогоор 500 мянган төгрөг гарна. Манай ААНБ-ууд ихэнх нь камертай ч энэ нь чанарын шаардлага хангадаггүйгээс гарсан гэмт хэрэг зөрчлийг илрүүлэхэд хүндрэлтэй байдаг талаар цагдаагийн байгууллагаас хэлдэг. Тиймээс эдгээр асуудлуудаа хэлэлцэж, хамтын ажиллагаагаа үр дүнтэй болгох хэрэгтэй. Ер нь цаашид аймгийн төвд гэрлэн дохиотой болох, нийтийн эзэмшлийн гудамж талбайн цамхаган гэрэлтүүлэгт камер байршуулах юм бол энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх том ажил болно гэж харж байгаа” хэмээн Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Р.Алтаннар ярилаа.

Аймгийн Цагдаагийн газраас аймгийн төвийн 185 хар цэгт 187 камер байршуулах шаардлагатай гэсэн судалгааг гаргажээ.

 

Холбоотой мэдээ