Д.Сумьяабазар: “Эко Алтан Заамар”-ын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2019-03-15 12:56:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ-наас сар бүр хийдэг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр болов.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын төсөвт 478 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлээд байна. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 124 тэрбум төгрөг буюу 35.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын сайд Д.Сумьяабазар мэдээлэв.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний хоёр сард урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 400.3 тэрбум төгрөгөөр буюу 19.3 хувиар өсжээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 331.9 тэрбум төгрөгөөр буюу 22.5 хувиар, үүнээс нүүрс олборлолт 338.5 тэрбум төгрөгөөр буюу 71.9 хувиар, металлын хүдэр олборлолт 12.8 тэрбум төгрөгөөр буюу 1.6 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг мэдээлэв.

УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар дөрвөн хүний амь үрэгдсэн “Эко Алтан Заамар” ХХК-д болсон ослын талаар хэлэхдээ, “Манай салбарт ийм явдал гарсанд үнэхээр харамсаж гүнээ эмгэнэж байна. Энэ бол уул уурхайн төлөвлөлт, алт байгаа газар руу сорчлон орж байгаа, мэргэжлийн бус хүмүүсийг оролцуулж буй, инженер техникийн хүмүүсийнхээ үгийг сонсдоггүй, зөвхөн олзны хойноос явж буй эздийн хариуцлагагүй уул уурхайн гай өнөөдөр ийнхүү хүний аминд хүргэж байна” гэв.


“Заамарт гарсан осол нь уул уурхайтай холбоотой төрийн дээд, доод шатны болон орон нутгийн байгууллагын бүрэн эрх тарамдаж, хэрэгжүүлэх үүргийг салгасны нэг жишээ болж байна. Тиймээс эрхзүйг шинэчлэх зайлшгүй шаардлага байна".

.

Тэрээр,“Эко Алтан Заамар”-ын бүх лицензийг (тус компани уул уурхайн 4 лицензтэй аж) цуцлахаар шийдвэрлэснээ мэдэгдээд, МХЕГ-аас дүгнэлт гарахыг хүлээж байна гэв.


“Дээрх явдал нь уул уурхайтай холбоотой төрийн дээд, доод шатны болон орон нутгийн байгууллагын бүрэн эрх тарамдаж, хэрэгжүүлэх үүргийг салгасны нэг жишээ болж байна гээд энд эрхзүйг шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Жишээ нь, Тус яам лиценз зөвшөөрлийг өгдөг хэрнээ буцаагаад цуцлах эрхгүй, энэ эрх нь МХЕГ-т оччихоод байгаа. Өмнө нь уул уурхайн салбарын яаманд дархан эрхтэй улсын байцаагч, онцгой байдлын улсын байцаагч ажиллаж байсныг хэлэв.


Тодруулга: Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 3022 тусгай зөшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүнээс хайгуулынх 1342, ашиглалтын 1680 лиценз байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 5.4 хувийг эзэлж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ