Мэри Дэвис: “Тусгай олимп бол дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-03-15 14:54:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгай олимпийн зуны наадмын 15 дугаар наадмын нээлт Монгол Улсын цагаар өчигдөр үдшийн 23 цагт /2019.03.14/  АНЭУ-ын Абу Даби хотноо 43000 хүний суудалтай “Zayed Sports City” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.


Тус наадамд дэлхийн 190 гаруй орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөх юм. Манай улсаас бадминтон, усанд сэлэлт, хөнгөн атлетик, боччи, жүдо, хөлбөмбөг, ширээний теннис гэсэн төрлөөр оролцож байна.


Нээлтийн үеэр, дэлхийд алдартай урлаг соёлын олон од ирж, ая дуугаа өргөв. Тухайлбал, олимпийн хөдөлгөөний дуу хоолой болж Аврил Лавин, өнгөрсөн зуны хит дуу болох “Despacito” дууны эзэн Луис Фонси нар оролцов. Мөн тусгай олимпийн хамгийн чухал зүйл болох сүлд дууг энэ ёслолын үеэр анх удаа дуулжээ. Амьдралдаа тохиолдож буй саад бэрхшээлийг даван туулахыг уриалсан тус дууны үгийг зохиолч Грэг Виллс болон “One Rebublic” хамтлагийн дуучин Ряан Тэддэр нар хамтран бичсэн байна. Хөгжмийг алдартай уран бүтээлч, хөгжмийн продюссер Күэнси Жонес зохиожээ. 


Олон улсын тусгай олимпийн хорооны гүйцэтгэх захирал Мэри Дэвис: “Тусгай олимп бол дан спорт биш юм. Энэ бол түүнээс том агуулгыг багтаасан дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн. Энэ бол хайр, хүндлэл, нэгнээ гэсэн сэтгэл, тэвчээр, бие биенээ хүлээн зөвшөөрөх хүн төрөлхтний ариун дэвжээ" хэмээн онцолсон юм.


Наадмын нэг онцлог нь, тамирчид ур чадвараараа адилхан тамирчинтай өрсөлддөг. Нас, хүйс, ур чадвараараа адилхан тамирчдыг ангилахын тулд, бүх тамирчныг олимпийн наадмын өмнө сорилго тэмцээнд хамруулдаг байна.

 

Холбоотой мэдээ