Чөлөөт бөхийн охид ОУТ-ээс хос алтан медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын “Wyoming Seminary” охидын чөлөөт бөхийн клубын нэрэмжит, залуучуудын Олон улсын тэмцээн гуравдугаар сарын 16-нд Пенсильвани мужийн Кингстон хотод боллоо.
“SEM LADIES OPEN” хэмээх уг тэмцээнд манай улсаас Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч П.Чулуунбаатар, Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч Д.Энхбат нарын удирдлага дор долоон тамирчин оролцсоноос зургаа нь медаль хүртжээ. Төрсөн эгч дүүс болох Б.Энхзул, Б.Энхцэцэг алтан медалийн эзэн болов. Эгч нь 55 кг-д, дүү нь 50 кг-д манлайлжээ. Мөн 53 кг-д М.Пүрэвтунгалаг мөнгө, 53 кг-д Н.Анударь хүрэл, 62 кг-д Б.Нямсүрэн хүрэл, 72 кг-д Ц.Хулан хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээнд Монгол, АНУ, Канад, Бразил гэсэн дөрвөн орон АНУ-ын 11 мужийн нийт 21 баг өрсөлдсөн бөгөөд Монголын баг 55 оноогоор хоёрдугаар байрт оров. Тус тэмцээнийг олон улсын шүүгч Б.Гансүх, А.Дарханбаатар нар дэнсэлжээ.