“ITM-2019” үзэсгэлэнгийн түнш аймгийн хувьд бэлтгэлээ сайтар базааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-18 17:56:33

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 29-31-ний өдөр Улаанбаатар хотноо "ITM-2019” аялал жуулчлалын Олон улсын үзэсгэлэн "Мишээл экспо"-д болно. Увс аймгийн хувьд “ITM-2019 үзэсгэлэнгийн түнш аймгаар сонгогдсон бөгөөд аймагтаа үйл ажиллагаа явуулдаг болон тус аймагт аялал жуулчлал хөгжүүлэхээр ажиллаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг өөрийн үйл ажиллагаагаа сурталчлах, хамтран ажиллах түншээ олох боломж бүхий энэхүү үзэсгэлэнд өргөнөөр оролцохыг урьж байна. 

Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгж, байгууллага, иргэд энэ сарын 27-нд нэгдсэн журмаар Улаанбаатар хотыг зорих юм.

Хамрах цар хүрээ, оролцогчдын тоогоороо Монголдоо толгой цохидог уг үзэсгэлэн нь аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдгөөрөө чухал ач холбогдолтой. Үзэсгэлэнд 21 аймаг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцохоос гадна тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл нийлүүлэгч, гар урлалын компани, дуу бүжгийн чуулга, музей, ОХУ-ын Тува, Буриад болон Солонгос, Япон, БНХАУ-ын аялал жуулчлалын бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд хамардаг байна. 

Холбоотой мэдээ