Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нартай гүйцэтгэлийн гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-19 12:16:25

Увс /МОНЦАМЭ/. “Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах жил”-ийн хүрээнд өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Батсайхан сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай гүйцэтгэлийн гэрээ байгууллаа. 

Шударга, ил тод, хариуцлагатай, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, Монгол Улсын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах чиглэл, талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, эцсийн үр дүнг үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд уг гүйцэтгэлийн гэрээний зорилго оршиж байгаа аж.

Гүйцэтгэлийн гэрээнд үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага зэргийг тодорхой тусгаж өгсөн байна.

2019 оны жилийн эцэст гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээний хэрэгжилтийн гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлт бүрээр тооцсоны үндсэн дээр сургууль, цэцэрлэгийн гүйцэтгэлийн гэрээний биелэлтийг дүгнэх аж. Энэхүү гүйцэтгэлийн гэрээг өмнө нь хэлтэс, агентлагийн дарга удирдлага нартай байгуулжээ. 

Холбоотой мэдээ