АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга БНСУ-д айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-20 10:41:49

СӨҮЛ. /Yonhap/. АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга Дэн Коутс БНСУ-д айлчилж байгаа тухай тус улсын Засгийн газрын эх сурвалж лхагва гарагт мэдээлэв.


Энэхүү айлчлал нь өнгөрсөн сард Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулсан АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөсөнтэй холбогдуулан мэдээлэл солилцох зорилготой байж магадгүй байна.


Лхагва гарагийн өглөө БНСУ-ын нэгэн сонинд мэдээлснээр, Д.Коутс мягмар гарагийн орой Сөүл хотын өмнөд хэсэг дэх АНУ-ын “Осан” агаарын цэргийн баазад ирсэн ба түүний айлчлал гурав хоног үргэлжлэх аж. Засгийн газрын эх сурвалж уг мэдээллийг үнэн зөв болохыг баталсан боловч нэмэлт мэдээлэл өгөөгүй ажээ.


Д.Коутсын Сөүлд хийх айлчлалын хуваарь хараахан тодорхой болоогүй байгаа хэдий ч тэрбээр БНСУ-ын Тагнуулын газрын дарга Су Хун болон бусад төлөөлөгчидтэй уулзах төлөвтэй байна.


БНАСАУ өнгөрсөн онд татан буулгасан “Сохэ” пуужин хөөргөх талбайгаа сэргээж байгаа тухай мэдээлэл олон нийтэд цацагдсанаас хэд хоногийн дараа уг айлчлал болж байна.


“Пёньян цөмийн асуудлаарх хэлэлцээгээ зогсоож, цөмийн болон пуужингийн туршилтаа үргэлжлүүлж магадгүй” гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хи өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Мөн тэрбээр, манай улс АНУ-ын шаардлагад ямар нэг байдлаар буулт хийхгүй гэж хэлсэн юм. 


Д.Коутс БНСУ-д айлчлах үеэрээ БНАСАУ-ын талаарх тагнуулын мэдээллийн тухай БНСУ-ын албаны хүмүүстэй санал солилцож, тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэрхэн зохицуулах тухай хамтарсан арга хэмжээг хэлэлцэх ажээ. 

Холбоотой мэдээ