М.Помпео бүс нутгийн асуудлаар хэлэлцэхээр Кувейт, Израил, Ливаныг зорьжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-03-20 14:19:06

ВАШИНГТОН. /VOA/. Ираны түрэмгийллийн эсрэг дэмжлэгээ АНУ нэмэгдүүлэхээр зорьж буйтай холбоотойгоор тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео бүс нутгийн асуудлаар хэлэлцэхээр мягмар гарагт Кувейт, Израил, Ливаныг зорьсон байна.


М.Помпео таван өдрийн айлчлалаа Кувейт хотоос эхлүүлэх бөгөөд тэрбээр тус бүс нутаг дахь АНУ-ын стратеги төлөвлөгөө болон эрчим хүчний асуудлаар Кувейтийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийх ажээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Израилд айлчлах үеэрээ тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хоёр талын уулзалт хийх ажээ. Тус улсад ирэх дөрөвдүгээр сарын 9-нд сонгууль болох гэж байгаа юм. Б.Нетаньяхутай хийх уулзалт нь түүнийг дэмжиж байгааг харуулах зорилготой байж магадгүй гэх мэдээллийг М.Помпео сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ няцаасан байна.


“М.Помпео Б.Нетаньяхугийн өрсөлдөгчидтэй уулзахгүй” гэж Төрийн департаментын өндөр албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга энэ талаар хэлэхдээ, "Сонгууль байнга л болж байдаг. Манай улсад ирэх онд сонгууль болно. Израилд ирэх сард сонгууль болно. Манай хоёр улс чухал харилцаатай учир тус улсад айлчилна. Удирдагчид байнга солигдож байдаг хэдий ч улс орны харилцаа хэвээр үргэлжилдэг" гэжээ.


Ливаны нийслэл Бейрут хотод хийх айлчлалын талаар тэрбээр хэлэхдээ, тус улсад нүүрлээд буй Иран болон “Хезболла” бүлэглэлийн аюул заналыг хэрхэн бууруулах талаар хэлэлцэнэ гэжээ. Үүний зэрэгцээ тус улсын шашны удирдлагуудтэй уулзах юм байна.


АНУ лалын шашинт босогчдын “Хезболла” бүлэглэлийг Ираныг дэмжигч террорист байгууллага хэмээн үздэг юм. 

Холбоотой мэдээ