Хил хамгаалалтын албаны баривчилгаанд байсан Мексикийн иргэн нас баржээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-03-20 16:08:08

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Хил хамгаалалтын албаны баривчилгаанд байсан Мексикийн иргэн даваа гарагт нас барсан байна. Уг иргэнийг Техас муж улсын Эль-Пасо хотоос урьд өдөр нь баривчилсан байжээ.


“Хууль бусаар хил давахыг оролдсон хэргээр баривчлагдсан дээрх иргэнд ханиадтай төстэй шинж тэмдгүүд илэрсний улмаас гуравдугаар сарын 17-нд эмнэлэгт хүргэсэн” гэж Гааль, хилийн хамгаалалтын албанаас мэдээлсэн байна.


Нэрийг нь олон нийтэд мэдээлээгүй байгаа уг иргэний нас барсан шалтгааныг тогтоохоор Гааль, хилийн хамгаалалтын албаны ажилтнууд ажиллаж байна. Тэрбээр энэ онд тус албаны баривчилгаанд байхдаа нас барсан хоёр дахь хүн болжээ.


2018 онд баривчилгаанд байсан бага насны хоёр хүүхэд нас барсантай холбогдуулан Гааль, хилийн хамгаалалтын алба саатуулагдсан хүмүүст эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх бололцоог сайжруулаад байгаа юм.


Өнгөрсөн сард Техас муж улсын МакАллен хотын эмнэлэгт 45 настай Мексик эрэгтэй нас барсан байна. 

Холбоотой мэдээ