Ази тивийн шилдэг залуу бөхчүүд Улаанбаатарт хүчээ сорьж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-21 10:50:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насныхны “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлж байна.


Энэхүү анхдугаар тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Киргиз, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг зэрэг 12 орны 200-гаад тамирчин бяр хүч, ур чадвараа сорих юм.


Манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, хүрэл медальт Э.Тэмүүлэн, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзул, өсвөр үеийн Ази тивийн аварга Т.Тулга, Ө.Пүрэвсүрэн тэргүүтэй 30 тамирчин оролцох бөгөөд гурван төрөлд буюу сонгомол бөх, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд хүч үзэх юм. 


Харин гадаадын тамирчдаас насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Улукбек Жолдошбеков /Киргиз/, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Довлетмурат Оразгылыджов /Туркменистан/, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ахмад Базригалех /Иран/, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Жамила Бакбергенова, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Марина Седнева, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Светлана Анкичева /бүгд Казахстан/ тэргүүтэй өсөж яваа шилдэг тамирчид Улаанбаатарын дэвжээнээ хүч, ур чадвараа сорино. Тэмцээн гуравдугаар сарын 24-нд дуусна.

Холбоотой мэдээ