"Итгэл хайрлая" хөтөлбөрийн хүрээнд 44 сая төгрөгийн зээл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-21 22:00:25
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн харьяат, архины хамаарал бүхий 20 эрэгтэйд аймгийн ЗДТГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс хамтран "Итгэл хайрлая" хөтөлбөрийг эхлүүлжээ.
Мөн хамтран зохион байгуулагчаар Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Баянхонгор сумын ЗДТГ, аймгийн ИТХ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв” ТББ-ууд ажиллаж, итгэл өгч, амьдралаа шинээр эхлэх боломжийг дээрх иргэдэд олгож байгаа аж.
Хөтөлбөрт архины хамааралтай олон жил болсон, түүнээсээ шалтгаалж эрүүл мэнд нь доройтсон нэр бүхий 20 иргэнийг хамруулах юм. "Итгэл хайрлая" хөтөлбөрийн хүрээнд дээрх иргэдэд сэтгэл засал, архины хор хөнөөлийн талаарх сургалт зөвлөгөө, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна 44 сая төгрөгийн зээл олгож, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих аж. Үүгээрээ орлогогүй, архины хамаарал бүхий хүмүүс бичил бизнес, амьжиргааны эх үүсвэртэй болж улмаар архинаас татгалзан, илүү сайхан ирээдүйд тэмүүлэх урам орно гэсэн хүлээлттэй байгаагаа зохион байгуулагчид онцолж байсан.
Дэмжлэгийн дүнд архинаас гарч, амьжиргааны түвшингээ дээшлүүлж чадсан хүнд зээлийг нь эргэн төлөлт тооцохгүйгээр, буцалтгүй тусламж болгох юм байна.
Холбоотой мэдээ