Усны салбарт Засгийн газрын эрх бүхий байгууллага үгүйлэгдэж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
ulzii@montsame.mn
2019-03-22 14:36:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Холидэй Инн” зочид буудалд “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” уриан дор Монгол Улсын усны салбарынхны нэгдсэн уулзалт зөвлөгөөн зохион байгуулав.


Тус зөвлөгөөний I хэсгийн хурлыг БОАЖЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн Н.Баттулга удирдав. Монгол Улс өнөө үед “Усны нөөц”-ийг дэлхийн жишгийн дагуу сав газраар нь хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл, усны нөөцийг ашиглах, хамгаалах асуудлыг засаг захиргааны нэгжээр бус, ус хуримтлах талбайгаар нь, усны байгальд орших, нөхөн сэргээгдэх байгалийн хуульд захируулан усны менемжентийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.


"Ус" үндэсний хөтөлбөрийн зорилго нь Монгол орны усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглан улс орны хөгжлийн түлхүүр болгох, монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршино. Аймгууд “Ус” дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-аараа батлуулан ажиллаж тодорхой үр дүн гарч байгаа юм.


Тухайлбал, усны нөөцийг хамгаалахад орон нутаг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулах болжээ. Сав газрын захиргаад, орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн усны асуудлаар хамтран ажиллах ажлын уялдаа холбоо сайжирч байна. Гол мөрний урсац бүрдэх эхийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авдаг болсон. Мөн булаг шандын эхийг хамгаалах, тохижуулах ажилд иргэдийн оролцоо нэмэгдэж, хөдөөгийн хүн амын ундны ус, бэлчээрийн ус хангамж сайжирч байна. Аймгийн төвийн цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэн сайжруулах боллоо. Нийслэл, аймаг, сумдын төвийн ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн хилийг тогтоож, тэмдэгжүүлж байна. Хүн амын ус хангамжийн ус түгээх цэгүүдийг засварлах, тохижуулах ажлыг орон нутгийн төсвөөр гүйцэтгэж байна.


Мөн хавар, намрын улиралд уст цэгүүдийн хог цэвэрлэгээ, Дэлхийн усны өдрөөр мэдээлэл, сурталчилгаа, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох, дэглэм мөрдүүлэх ажил тогтмолжиж байна. 


Ийнхүү цэнгэг усны нөөцөө хамгаалах үйлсэд дэвшил гарахын зэрэгцээ олон тулгамдсан асуудал ч байгаа юм.


Энэ талаар БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч.Пунцагсүрэн хэлэхдээ: “Орон нутгаас усны нөөц болон ашиглалтад дорвитой хөрөнгө тусгадаггүй. “Ус” хөтөлбөрт улс, орон нутгийн төсвийн хөрөнгийг зориулалт тус бүрээр он оноор тусгайлан батлаад өгвөл тухайн жилд нь хөрөнгө оруулалтыг шийдэх боломжтой. Хуульд заасан усны төлбөрийн 35 хүртэлх хувийг усанд зарцуулах заалт хэрэгжвэл орон нутагт хангалттай хөрөнгийн эх үүсвэр бий болох юм. Усны нөөцийг тогтоох, цас, борооны усыг хуримтлуулах, саарал усыг ашиглах арга хэмжээний хэрэгжилт маш удаашралтай байна. Ус, рашаан ашигласны төлбөрийн орлогын зарцуулалт тодорхой бус. Говь нутгийн амин сүнс болсон газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориултаар уул уурхайд ашиглахыг багасгах, тоолууржуулах, цэвэршүүлэн дахин ашиглалтыг нэмэгдүүлэх, “Орхон говь”, “Хэрлэн говь” төслийг түргэтгэх, “Сумын төвийн шинэчлэл” төслийг үргэлжлүүлэх, Усны салбарын чиг үүргийн хуваарилалтыг шинэчлэн боловсруулж, дахин хийх шаардлагатай байгаа. Мөн усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага буюу Усны агентлагийг байгуулж, бэхжүүлэх, Усны үндэсний хороо /зөвлөл/-г хүчирхэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Усны засаглалын үндсэн зарчмуудыг нэвтрүүлэх, Гадаргын усны хуримтлалыг бий болгож нөөцийг нэмэгдүүлэх, усны эрчим хүчийг ашиглах, шилжүүлэн ашиглах “Хөх морь” зэрэг томоохон төслийг хэрэгжүүлье” хэмээн онцлон тэмдэглэж байв.


Энэхүү уулзалт зөвлөгөөний II хэсэгт “Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ” төслийн үр дүнг танилцуулсан юм.


Туул гол нь Хан Хэнтийн нурууны салбар Бага Хэнтий уулын ар, өврөөс эх авах Номин, Нэргүй голын бэлчрээс Туул нэрийг авч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Орхон голд цутгадаг. Орхон гол нь Сэлэнгэ мөрөнтэй нийлж, улмаар ОХУ-ын нутаг дахь Байгаль нуурт цутгана. Туул голын сав газарт Нийслэлийн 7 дүүрэг,  Зуунмод хот болон Төв аймгийн 11, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн тус бүр 1, Булганы 5, нийт 20 сумын төв багтдаг.



Өнгөрсөн оны байдлаар тус сав газарт 1.45 сая буюу Монгол Улсын хүн амын 46.3 хувь амьдарч дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна.


Голын татам дахь суурьшил, төвлөрөл, газар ашиглалт, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэнхангай сумдын нутаг дахь алт олборлолт зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд Туул голын экологийн орчин доройтож, Монгол орны хувьд хамгийн их бохирдолтой голын тоонд орох болсон юм. Улаанбаатар хотын ус хэрэглээний эрчимтэй өсөлт, болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын нөлөөгөөр Туул голын урсацын горимд өөрчлөлт орж, хаврын улиралд тасрах, шургах нь элбэгшиж хүрээ нь нэмэгдэх хандлагатай болсон.


Тус голд цөөнгүй судалгаа хийсэн ч сав газрын хэмжээнд төлөв байдлын нэгдсэн, цэгцтэй үнэлгээ гаргаагүй байсан билээ. Энэхүү шинээр гаргасан үнэлгээ нь тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд үндсэн суурь мэдээлэл болох юм.


Туул голын сав газрын төлөв байдлын Үнэлгээний картыг ТГСГЗ, усны салбарын усны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн Үндэсний зөвлөх баг, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон АНУ дахь салбар, АНУ-ын Мэриландын Их сургуулийн хүрээлэн буй орчны судалгааны төв хамтран боловсруулжээ.  


"Цэнгэг ус-тэгш хүртээмж" уриан дор болсон энэхүү уулзалт зөвлөгөөнд оролцогчид цэнгэг усны нөөцөө хамгаалах үйлсийг үр дүнд хүргэх арга зам бол монгол хүн бүрт, ялангуяа хүүхэд залууст таниулан сурталчилж тэдний оюун санаанд нөлөөлөх нь хамгийн чухал гэдэгт санал нэгтэй байсан юм. 

Холбоотой мэдээ